
Алт олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр алт олборлогчидтой хийх уулзалт болж байна. Энэхүү уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Хариуцлагатай уул уурхайг онцгой анхаарч үзэх ёстой” хэмээн тодотгов.
Энэ талаар тэрбээр “Алтны салбарын та бүхэндээ ний нуугүй хэлэхэд Алт-1 хөтөлбөрийн хор хөнөөл, ашиг тус энэ тэнцүү байсан. Нийгэм шилжиж инфляц 328% хүрсэн тэр цаг үед бид алтаа явуулахаас өөр гарцгүй байсан.
Тухайн үеийн төр, засгийн бодлогыг шүүмжлэх боломжгүй. Ингээд бид инфляц 328%-иас дээш эдийн засгаа өсгөх хэмжээнд хүрч чадсан бол сөрөг үр дүн нь 1000 гаруй гол мөрөн, 800 орчим нуур цөөрөм ширгэж өөрчлөгдсөн гажиг үүссэн. Үүнээс нийт ард түмний тархинд айдас үүсээд 30 жил өнгөрсөн ч арилахгүй байна. Алт-1 хөтөлбөрийн сөрөг тал нь үлдчихээд давуу тал нь яригдахгүй байна. Одоо бид Алт-3 аяны тухай ярьж байна. Энэ аяныг хэрэгжүүлэхэд хариуцлагатай уул уурхай хэрэгтэй. Салбарынхаа нэр төрийг бодож, дараа дараагийн төслүүдийг явуулах тухай бодох хэрэгтэй шүү. Хариуцлагатай уул уурхайг бид онцгой анхаарч үзэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засаг үр өгөөжтэй байхыг хэлнэ” гэсэн юм.
Сайд Г.Дамдинням алт олборлогчидтой хийж буй уулзалтын үеэр алт олборлолтыг дэмжинэ гэдгээ илэрхийлэхдээ хариуцлагын асуудлыг мөн хөндлөө. Тэрбээр “Алт олборлолтыг дэмжихдээ урт нэртэй хууль буюу хуулийн хил заагийг тодорхой хэмжээнд хөдөлгөх замаар өөрчлөлт оруулна” хэмээв. Энэ талаар “Алт олборлолтыг дэмжинэ. Байгаль орчны нөхөн төлбөрийг өгнө. Уулын ажлын төлөвлөгөө байгаль орчны нарийвчилсан ажлыг төрөөс яаралтай зохицуулалт хийж, шийдвэрлэнэ. Харин дутуу материал өгчхөөд биднийг буруутгавал уучлаарай” гэлээ.
Энэ талаарх тайлбартаа сайд орон даяар 90 компанийн 102 талбайгаар орон даяар үзлэг хийнэ. Алт олборлолтыг дэмжих ч салбарын нэр хүнд унагасан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцно гэдгийг онцлов. Ингэхдээ “болохгүй газар, болохгүй үйл ажиллагаатай байгаа 7 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн юм. Тэрбээр “Төр нь хичээж байхад хууль бус үйл ажиллагаа хийж онцгүй зан гаргаад байвал дэмжээд байхгүй шүү. Дэмжинэ бас хариуцлага ярина. Засгийн газрын түвшинд шийдэж болох зүйлүүдээ шийднэ. Гэхдээ Засгийн түвшинд хийх ажлыг хийнэ. Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гарна. Та бүхний үйл ажиллагаа эхэлнэ. Аль болох хөнгөн шуурхай байхад анхаараарай” гэлээ.
Мөн уулзалтын үеэр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газарт өргөн барьж УИХ-ын Хаврын чуулганд батлуулах зорилготой байгаагаа дуулгалаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан танилцуулснаар, АМНАТ-ийн орон нутагт хуваарилах төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ талаар сайд Г.Дамдинням хэлэхдээ “Одоогийн хуулийн зохицуулалтаар ухуулсан нь хохирч, ухуулдаггүй нь хождог гажуудал үүсэн. Зарим аймаг уул уурхайгүй гэж гайхуулдаг зам руу орчихоод байна. Гэтэл манай улсын төсвийн 38%-ийг манай салбар бүрдүүлж байна. Олон улсын дунджаар, аль нэг салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 8-аас дээш хувийг оруулж байвал тухайн салбар тэр улс орны үндсэн эдийн засгийн суурь салбарт тооцогддог. Манайх 38% байгаа нь дэлхийд өндөр үзүүлэлт. Бид дэлхийн 90 гаруй улстай ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт татахаар өрсөлддөг ч орон нутаг иргэдэд өгөөж нь мэдрэгддэггүй учир эсэргүүцэлтэй тулгардаг. Ингээд төр нь хаядаг байдлыг засна” гэлээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-өөс орох орон нутагт хуваарилах орлогыг нийт орлогын 20% болгон нэмэгдүүлж нөлөөлөлд өртөж буй аймагт хуваарилах мөнгөн дүнг нэмэгдүүлж байгаа юм.
Эх сурвалж: АҮЭБЯ