Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Ойрх Дорнодын мөргөлдөөн зэсийн үнэд дарамт учруулж байна

Т.Бямбанаран

Зэсийн үнэ огцом дарамтад орж байна. Учир нь Ираны дайнаас үүдэн эрчим хүчний үнэ өсөж, энэ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж, ойрын хугацаанд металлын эрэлтийг сулруулах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж буй юм. Түүнчлэн зах зээл дээр зэсийн нөөц арвин байгаа нь үнийн уналтыг өдөөх өөр нэгэн хүчин зүйл болж буй.

Лондоны металлын бирж (LME)-д арилжаалагддаг зэсийн үнэ АНУ–Израилын Ирантай хийж буй дайн эхэлснээс хойш  (2026.02.28-наас) 3 дугаар сарын 23-ны байдлаар 9.4%-иар буурч, нэг тонн нь 12,081 ам.долларт хүрчээ. Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сулруулах эрсдэлтэй бөгөөд зэсийн үнэ ихэвчлэн дэлхийн эдийн засгийн мөчлөгтэй уялдан хөдөлдөг. Үүнтэй зэрэгцэн өмнө нь хомсдолтой байсан зах зээлд агуулахын нөөц нэмэгдэж, зэсийн нийлүүлэлт илүү хүртээмжтэй болжээ.

Гэхдээ зэсийн ойрын ирээдүй тодорхой бус хэвээр, дайны “мананд” төөрсөн байдалтай байна. Хэрэв Ормузын хоолойд хүхрийн хүчлийн нийлүүлэлтийн саад үүсвэл зэсийн үйлдвэрлэл буурч, хомсдол бий болсноор тус металлын үнэ дахин өсөх боломжтой. Нөгөө талаас, эрчим хүчний өндөр үнэ дэлхийн эдийн засгийг сулруулж, эрэлтийг бууруулбал зэсийн үнэ дагаад суларч болзошгүй юм.

Эх сурвалж: S&P Global