Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Л.ЦОЛМОН: ЧАНАР, ИТГЭЛЦЭЛ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БОЛ БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож байгаа “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Л.Цолмонтой ярилцлаа.

- 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Mongolia Mining 2026” арга хэмжээний үр дүнг та хэрхэн харж байна вэ?

“Mongolia Mining” олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник, технологийн дэвшлийг танилцуулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар болсоор ирсэн нэр хүндтэй арга хэмжээ юм. “ИРИДИУМ ТРАК МОНГОЛИА” ХХК энэ удаад “Алтан ивээн тэтгэгч”-ээр оролцож, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, түншлэлээ өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Дэлхий дахинд үүсээд буй геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед зохион байгуулагдаж буй “Mongolia Mining 2026” үзэсгэлэн нь бидний хувьд илүү нягт хамтран ажиллах, эрсдэлийг хамтдаа даван туулах шаардлагыг тодотгож байна. Бид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, сорилтыг боломж болгон даван туулахыг зорьж энэ удаагийн үзэсгэлэнд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, хэмнэлттэй,  хосолсон хөдөлгүүрт 100 тонны бүтээгдэхүүнийг онцлон санал болгож байна.

- Сүүлийн үед дэлхий дахинд үүсээд буй геополитикийн нөхцөл байдал, тэр дундаа Ойрх Дорнодын хурцадмал байдал манай уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж, үүсэж буй хүндрэлүүдийг бид хэрхэн даван туулах ёстой вэ?

Одоогийн нөхцөл байдлыг урьдчилан нарийн тооцоолох амаргүй байна. Ойрх Дорнодод үүсээд буй асуудал газарзүйн хувьд биднээс хол боловч эдийн засгийн хувьд шууд нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Ормузын хоолой орчмын эрсдэл нэмэгдсэнээр нефтийн үнэ өсөж, улмаар уул уурхайн салбарын түлш, тээврийн зардал дагаад нэмэгдэж байна. Мөн манай салбар өөрөө өндөр өртөгтэй эрчим хүч хэрэглэдэг тул цаашид зардлын дарамт улам нэмэгдэх хандлагатай. Ийм нөхцөлд үүнийг зөвхөн хүндрэл гэж харах бус, зардлын удирдлагаа сайжруулах, үр ашгаа нэмэгдүүлэх боломж гэж харж, илүү уян хатан, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна. Нөгөө талаас уул уурхайн салбар нь манай эдийн засгийн тулгуур хэвээр байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүн, экспорт, төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг. Тиймээс бодлогын түвшинд дэмжлэг чухал хэвээр байх бөгөөд салбарын оролцогчдын хамтын ажиллагаа, ухаалаг техник технологийн нэвтрүүлэлт, оновчтой хөрөнгө оруулалт нь энэ үеийн гол шийдэл болж байна.

- “LGMG” брэндийн бүтээгдэхүүнийг Та бүхэн Монгол Улсын хүнд машин механизмын зах зээл дээр борлуулж байна. Бусад төрлийн бүтээгдэхүүнээс танай бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ?

Манай компани энэ жилээс үйл ажиллагаагаа өргөжүүлж, БНХАУ-ын Lingong группийн “LGMG” брэндийн уул уурхайн техник, тоног төхөөрөмж, баталгаат сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс шууд нийлүүлэх албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэллээ. Бид мөн төлөвлөгөөт засвар, иж бүрэн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай цорын ганц компани юм. “LGMG” брэндийг Монголын уул уурхайн салбарынхан сайн мэддэг. Тус компани 1972 онд байгуулагдсан, уул уурхай болон барилгын хүнд машин механизмын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Борлуулалтаараа дэлхийн топ 50-д, БНХАУ-д эхний 3-т багтдаг. Өмнө нь “LGMG” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нийлүүлдэг байсан бол өнөөдөр манай компани албан ёсоор шууд нийлүүлж байгаагаараа онцлог. Товчхондоо, “LGMG” брэндийн техникүүд нь Монголын эрс тэс уур амьсгал, уурхайн хүнд нөхцөлд туршигдаж, найдвартай гэдгээ баталсан бүтээгдэхүүн юм.

- Танай бүтээгдэхүүнүүдээс ямар төрлийн машин механизмыг манай орны уул уурхайд өргөнөөр ашиглаж байгаа вэ?

Уул уурхайн өөрөө буулгагч автосамосвал, экскаватор болон бусад туслах техникүүдийг ашиглаж байна.

- Та ярилцлагын эхэнд “салбарын оролцогчдын хамтын ажиллагаа, ухаалаг техник технологийн нэвтрүүлэлт, оновчтой хөрөнгө оруулалт чухал” гэж онцолж байсан. Тэгвэл танай бүтээгдэхүүний давуу тал?

Тийм ээ. Ойрх Дорнодод үүсээд байгаа асуудал, Ормуз орчмын нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн үнэ огцом өсөж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард нэг тонн шатахуун 687 ам.доллар байсан бол гуравдугаар сард 737 ам.доллар, дөрөвдүгээр сард 1385 ам.доллар болж эрс өссөн байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд зардлаа танах, илүү ухаалаг хөрөнгө оруулалт хийх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна. Ийм нөхцөлд “LGMG” брэндийн  хосолсон хөдөлгүүрт буюу  Hybrid өөрөө буулгагч автосамосвал нь ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн бодит давуу талтай бөгөөд ижил даацын дизель техникүүдтэй харьцуулахад дунджаар 30-40%-иар бага түлш зарцуулдаг. Үүнийг урт хугацаанд тооцвол нэг машин дээр 5 жилийн хугацаанд ойролцоогоор 85,000 ам.долларын хэмнэлт гаргах боломжтой. Товчхондоо, манай бүтээгдэхүүн нь элэгдэл багатай, түлшний хэмнэлттэй, засвар үйлчилгээний зардал бага, найдвартай ажиллагаатайгаараа онцлог. Бид үүнийг “эдийн засгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулсан, хариуцлагатай ногоон уул уурхайн ухаалаг шийдэл” гэж тодорхойлж байна.

- Санхүүгийн таагүй нөхцөл байдал үүсэж болзошгүй энэ цаг үед та бүхэн худалдан авагчдадаа ямар таатай нөхцөл санал болгож чадах вэ?

Санхүүгийн тодорхойгүй, сорилттой энэ үед бид худалдан авагчидтайгаа урт хугацааны түншлэлд суурилсан, уян хатан санхүүгийн таатай нөхцөлийг санал болгож ажиллаж байна. Тухайлбал, хэрэглэгчийн хэрэгцээ, төсөл хэрэгжилтийн онцлогоос хамааран төлбөрийн нөхцөлийг уян хатнаар шийдэж, хөрөнгө оруулалтын ачааллыг үе шаттайгаар хуваарилах боломжийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр зөвхөн техник нийлүүлэхээс гадна харилцагчдынхаа санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны үр ашгийг хамтдаа бүтээхийг зорьж ажиллаж байна.


Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.