
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурал (2026.03.31) болж, тус холбооны Гүйцэтгэх удирдлагатай холбоотой шийдвэрүүдийг гаргалаа.
Зөвлөлийн шийдвэрээр Г.Эрдэнэтуяаг өөрийнх нь хүсэлтийн дагуу Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөллөө. Тэрээр 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд томилогдож, Ассоциацийн дүрмийн дагуу 4 жилийн хугацаанд бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлэн ажилласан юм.
Дүрмээр тогтоосон бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дэд захирал П.Оюунбилэгийг томилжээ.
П.Оюунбилэг нь эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн харилцааны чиглэлээр 20 гаруй жилийн арвин туршлагатай мэргэжилтэн юм. Түүний ажлын туршлагаас дурдвал, USAID, НҮБ болон Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны (АМЕП) хөтөлбөрт захирлаар ажиллаж байсан. Мөн "Рио Тинто", "Аспайр Майнинг" зэрэг уул уурхайн томоохон компаниудад ажиллаж байжээ.
МУУҮА-ийн Зөвлөлийн зүгээс Г.Эрдэнэтуяад өнгөрсөн хугацаанд холбооны үйл ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлж, шинээр томилогдсон П.Оюунбилэгт ажлын амжилт хүслээ.