
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” (Steppe Gold Ltd) 2025 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээ (2026.03.31) албан ёсоор танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлснээр түүхэн дээд хэмжээний орлого олж, санхүүгийн байдлаа мэдэгдэхүйц бэхжүүлсэн байна.
Санхүүгийн гол үзүүлэлтүүд:
Нийт орлого: 254.1 сая ам.долларт хүрч, өмнөх үеүдээс томоохон өсөлт үзүүлэв.
Алт үйлдвэрлэл: 2025 онд нийт 76,059 унц алт үйлдвэрлэж, 75,927 унцыг борлуулжээ.
Цэвэр ашиг: 32.7 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна.
Эргэлтийн хөрөнгө: Оны эцэст 107.3 сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй байгаа нь төслийн дараагийн шатны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж байна.
Компанийн Гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам тайландаа “Бороо” болон “Улаанбулаг” уурхайнуудын үйл ажиллагаа тогтвортой байж, ерөнхий гүйцэтгэлд гол дэмжлэг болсныг онцоллоо. Мөн АТО төслийн 1-р шатны олборлолт дуусах шатандаа орж байгааг тэмдэглэв.
“Степ Голд” одоогоор АТО төслийн 2-р шатны өргөтгөлийн дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлж байна. Энэхүү шат нь компанийн ирээдүйн өсөлтийн гол хөдөлгүүр болох бөгөөд одоогоор хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хувилбаруудыг нарийвчлан үнэлж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Компани санхүүгийн сахилга батыг чангатгах хүрээнд “BORO” бондын төлбөрийг бүрэн барагдуулж, Худалдаа хөгжлийн банктай зарим зээлийн эргэн төлөлтийг бүтцийн өөрчлөлтөд оруулан хойшлуулахаар тохиролцсон байна. Мөн “Alturas” төслийн роялтиг буцаан худалдаж авах гэрээ байгуулсан нь ирээдүйд гарах зардлыг хэмнэх стратегийн чухал алхам боллоо.