Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав

Credit: Монгол Улсын Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 27-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.

Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж, нийт импортын 98 орчим хувийг ОХУ, үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа билээ. 

Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ, “Улс орны эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2025 онд импортын хэмжээ 2.9 сая тонн болж өмнөх оноос 0.1 сая тонноор өссөн. Цаашид 2026 онд 3.0 сая тонн, 2027 онд 3.1 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компанийн дөрөвдүгээр сарын хил үнэ өмнөх сараас тонн тутамдаа энгийн дизель түлш 648$-оор нэмэгдэж 1,385$, Евро-5 дизель түлш 483$-оор нэмэгдэж 1,410$, Евро-5 АИ-92 автобензин 441$-оор нэмэгдэж 1,206$, АИ-95 автобензин 441$-оор нэмэгдэж 1,176$, АИ-98 автобензин 441$-оор нэмэгдэж 1,226$ болж, төрлөөс хамаарч 441-648$-оор өссөн” гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээл дээрх энгийн АИ-92 автобензинээс бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш 2,200  төгрөгөөр нэмэгдэж 5,200, Евро-5 дизель түлш 1,300 төгрөгөөр нэмэгдэж 5,300, Евро-5 АИ-92 автобензин 1,100 төгрөгөөр нэмэгдэж 4,200, АИ-95 автобензин 500 төгрөгөөр нэмэгдэж 4,100 төгрөг болж тус тус нэмэгдэх нөхцөл байдал үүсээд байгааг мөн мэдэгдэв.

Иймд "Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолд оруулах өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр батлах тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа аж.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар