
Хятад улс олон арван жилийн турш тэмүүлж ирсэн төмрийн хүдрийн зах зээл дээр үнийн хяналт тогтоох зорилгодоо урьд өмнөхөөсөө илүү ойртоод байна.
Энэхүү стратегийн дайралтыг Хятадын төв засгийн газрын шууд удирдлага доорх, үйл ажиллагаа нь нууцлаг China Mineral Resources Group (CMRG) компани удирдаж байна. Тус компани нь сүүлийн хэдэн сарын турш дэлхийн уул уурхайн аварга BHP групптэй арилжааны ширүүн сөргөлдөөнд орсон нь салбарын хэмжээнд хүчтэй цохилт болж байна.
Хятад улс төмрийн хүдрийн далайн тээврийн 70 гаруй хувийг импортолдог ч үнийг нь олон улсын индексээр (ам.доллароор) тогтоодогт сэтгэл дундуур байгаа юм. CMRG-ийн зүгээс BHP-ийн гол бүтээгдэхүүн болох Jimblebar хүдрийг ашиглахгүй байх тушаалыг дотоодын үйлдвэрүүддээ өгч, нийлүүлэгчид шахалт үзүүлж эхэлсэн. Ойрх Дорнод дахь дайн болон АНУ-ын санхүүгийн давамгайлал суларч буй энэ үед Бээжин стратегийн түүхий эдийн зах зээлд өөрийн нөлөөг нэмэгдүүлэх нь үндэсний аюулгүй байдлын асуудал гэж үзэж байна.
Bloomberg-ийн мэдээлснээр Rio Tinto болон Fortescue компаниуд CMRG-ийн шахалтаар 2026 оны эхний нийлүүлэлтүүддээ олон улсын "Platts" индексийг ашиглахаас татгалзаж, Хятадын дотоодын үнийн жишгийг ашиглахаар зөвшөөрсөн байна. Харин энэхүү тогтолцоог анх санаачилсан BHP компани одоогоор байр сууриа хамгаалсаар байгаа юм.
Шинжээчдийн үзэж буйгаар CMRG нь зөвхөн төмрийн хүдэр бус, цаашид зэс болон бусад стратегийн металлын зах зээлд энэ мэт арга барилаар хяналт тогтоохоор төлөвлөж байна. Хэдийгээр Хятад улс BHP-ийг, BHP Хятад улсыг бүрэн орлож чадахгүй ч энэхүү сөргөлдөөн дэлхийн уул уурхайн салбарын 20 жилийн түүхэн дэх хамгийн том өөрчлөлтийн эхлэл болж магадгүй юм.
Эх сурвалж: mining.com