Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Саутгоби Ресурс": 2025 онд борлуулалт 60% өссөн ч 133 сая ам.долларын алдагдалтай ажиллав

Хонгконг болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Саутгоби Ресурс" (SouthGobi Resources Ltd.) компани 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны нэгдсэн тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын биет хэмжээ мэдэгдэхүйц өссөн ч, дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналт болон хөрөнгийн үнэ цэнийн бууралтаас шалтгаалж ашигт ажиллагаа буурсан үзүүлэлттэй байна.

Компани 2025 онд нийт 11.2 сая тонн нүүрс борлуулсан нь 2024 оны үзүүлэлтээс (7.0 сая тонн) даруй 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү амжилтад нүүрс шигших, нойтон болон хуурай аргаар баяжуулах технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулсан нь гол түлхэц болжээ. Ялангуяа БНХАУ-ын импортын стандартыг хангасан F зэрэглэлийн нүүрсний экспортыг нэмэгдүүлсэн нь нийт борлуулалтын өсөлтийг дэмжсэн байна.

Хэдийгээр борлуулалтын хэмжээ өссөн ч, санхүүгийн хувьд 2025 онд 133.2 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Харьцуулбал, 2024 онд тус компани 153.9 сая ам.долларын ашигтай ажиллаж байсан юм. Алдагдал хүлээхэд хэд хэдэн хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, нүүрсний борлуулалтын дундаж үнэ нэг тонн тутамд 70.4 ам.доллароос 53.5 ам.доллар болж буурсан. Чанар сайжруулах зорилгоор баяжуулсан нүүрсний эзлэх хувийг нэмэгдүүлсэн нь олборлолт, боловсруулалтын өртгийг өсгөсөн. Нүүрсний нөөц болон үндсэн хөрөнгийн дахин үнэлгээгээр нийт 119.3 сая ам.долларын үнэ цэнийн бууралтын гарз бүртгэгджээ.

Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Овоот толгой болон Сүмбэрийн орд газруудыг стратегийн ач холбогдол бүхий ордын ангилалд хамруулахаар тодорхойлоод байна. Үүнтэй холбогдуулан компанийн зүгээс 2025 оны 4 дүгээр сараас Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчтэй төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд харилцан ашигтай шийдэлд хүрэхээр хамтран ажиллаж байгаагаа илэрхийлжээ.