Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

АҮЭБЯ болон Эрчим хүчний яамнаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна

АҮЭБЯ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Арга хэмжээний хүрээнд уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд нээлттэй танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-т салбарын төрийн болон төрийн өмчит байгууллагууд өргөнөөр оролцож байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цөмийн энергийн комисс, “Эрдэнэс Монгол” нэгдэл болон түүний харьяа компаниуд, түүнчлэн эрчим хүчний томоохон байгууллагууд болон сэргээгдэх эрчим хүчний компаниуд багтаж байна.

Энэхүү арга хэмжээ нь төрийн байгууллагууд иргэдтэй шууд харилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Мөн иргэд дараах чиглэлээр мэдээлэл, үйлчилгээ авах боломжтой. Үүнд:

  • Хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл
  • Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ
  • Цахилгаан, дулааны техникийн нөхцөлийн шийдвэрлэлт
  • Гомдол, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч шийдвэрлэх
  • Эрчим хүч хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний талаарх зөвлөгөө, мэдээлэл
  • Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн боломжийн талаарх зөвлөгөө

Ийнхүү “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ нь төр, иргэний харилцааг ойртуулж, салбарын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байдлаар танилцуулах чухал ач холбогдолтой юм.

АҮЭБЯ
АҮЭБЯ
АҮЭБЯ
АҮЭБЯ