
Голдман Сакс банк АНУ болон Иран хооронд хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор 2026 оны 2-р улирлын Брент болон WTI төрлийн газрын тосны үнийн таамаглалаа бууруулав. Хөрөнгө оруулагчид Ормузын хоолой эргэн нээгдэх найдлага тавьж байгаа тул, Брент төрлийн газрын тосны таамаглалыг 99 ам.доллароос 90 ам.доллар, WTI төрлийн газрын тосыг 91 ам.доллароос 87 ам.доллар болгон өөрчилжээ.
"Ормузын хоолойгоор дамжих газрын тосны урсгал бага багаар нэмэгдэж байгаа тул бид 2-р улирлын таамаглалаа ийнхүү бууруулж байна" гэж тус банкны тэмдэглэлд дурджээ.
Брент газрын тосны үнэ энэ долоо хоногт 11 гаруй хувиар унаад байсан бол өнөөдөр (2026.04.09) үнэ эргэн өссөн байна. Энэ нь Ойрх Дорнодын нийлүүлэлт бүрэн сэргэж чадах эсэхэд эргэлзэх, гал зогсоох хэлэлцээр удаан үргэлжлэх эсэхэд итгэхгүй байгаа болон чухал ач холбогдолтой далайн хоолой хязгаарлагдмал хэвээр байгаатай холбоотой юм.
Голдман Сакс 3-р улирлын таамаглалаа өөрчлөлгүй Брент-ийг 82 ам.доллар, WTI-ийг 77 ам.долларт, харин 4-р улиралд Брент-ийг 80 ам.доллар, WTI-ийг 75 ам.долларт хэвээр үлдээв.
Тус банкны зүгээс үнэ өсөх эрсдэл хэвээр байгааг анхааруулсан бөгөөд энэ нь нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжлэх болон газрын тосны олборлолт тогтвортой буурах магадлалтай холбоотой юм.
Хэрэв гал зогсоох хэлэлцээр цуцлагдаж, Ойрх Дорнодын олборлолт өдөрт 2 сая баррелиар тасалдсан хэвээр байвал 4-р улиралд Брент газрын тосны үнэ дунджаар 115 ам.долларт хүрч болзошгүй гэж тус банк үзэж байна.
Мөн тус банк Европын байгалийн хийн жишиг үнийг тогтоодог Title Transfer Facility (TTF) бирж дээрх 2-р улирлын таамаглалыг нэг мегаватт цаг нь 70 еврогоос 50 евро болгон буурууллаа. Энэ нь 4-р сарын дундаас эхлэн Ормузын хоолойгоор дамжих шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) урсгал аажмаар хэвийн болно гэсэн таамаглалд үндэслэсэн байна. Гэсэн хэдий ч LNG-ийн урсгал саатах эсвэл олборлох дэд бүтэц гэмтсэн тохиолдолд үнэ 75 еврогоос давах магадлалтай гэж нэмж дурджээ.