-ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригт Монгол улс хамаарахгүй-

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковийг хүлээн авч (2026.04.09) уулзлаа.
Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Монгол, Оросын уламжлалт, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, найрамдалт хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжиж буйд талархал илэрхийллээ.
Уулзалтаар гурван асуудал хэлэлцсэн бөгөөд Ойрх Дорнодын дайны нөхцөл байдлаас үүдэлтэй ОХУ-ын тэсэлгээний бодисын экспортын хоригоос шалтгаалан Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн захиалсан тэсэлгээний бодисууд гацах, ОХУ-ын талаас захиалга авахгүй байх зэрэг хүндрэлтэй асуудлуудыг шийдэж, Монгол Улсыг тус хоригт оруулахгүй байхыг талууд тохиролцож баталгаажуулав.
Түүнчлэн Монголын талаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа дизель түлшний нийлүүлэлтийг таслахгүй байх, хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх талаар тодорхой санал тавилаа. Мөн тун удахгүй АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Москва хотод томилолтоор ажиллаж, дээрх тавьсан асуудлуудаар ОХУ-ын эрх бүхий төлөөллүүдтэй үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцлоо.
Эх сурвалж: АҮЭБЯ