Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ БА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАХИАС

А.Халиун

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудтай холбоотой асуудлаар Засгийн газар болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээ үргэлжилж буй энэ эгзэгтэй үед хөрөнгө оруулагчдад тодорхой шаардлага тавьж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. 

Есөн сарын дараа өргөдлөө өгсөн Ерөнхий сайдын гэнэтийн шийдвэрийг урьдчилан таамаглахын аргагүй ч Рио Тинто-той хэлэлцээ хийж байгаа энэ чухал цаг үед бууж байгаа нь цаанаа улс төрийн явуулгатай гэх утгыг Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр гишүүдийн асуултад хариулах үгэн дундаа хавчуулаад авна лээ.

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан 2009 оноос хойш өнөөг хүртэлх үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн тодорхой, ажил хэрэгч бөгөөд хөрөнгө оруулагчдыг шахаанд оруулсан санал тавьсан нь Г.Занданшатар.

Түүний тэргүүлсэн Засгийн газар олон жилийн турш яригдаж буй Оюу толгойн ордоос Монголын ард түмний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд дараах тодорхой бөгөөд хатуу байр суурь баримталж буйгаа илэрхийлсэн билээ. Үүнд,

  • Монголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27% байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэх,
  • Ногдол ашгийг 2026 оноос эхлэн хүртэх,
  • Зээлийн хүүг 5-6% болгон бууруулах,
  • Менежментийн төлбөрийг дор хаяж 50%-иар бууруулах шаардлага тавиад байна. Хэлэлцээр ид үргэлжилж байна.

"Хэдийгээр би чөлөөлөгдсөн ч төрийн ажлын залгамж чанар, Засгийн газрын баримтлах зарчим өөрчлөгдөх учиргүй" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн нь дараагийн Ерөнхий сайдын өвлөн авах үүрэг даалгавар болж уншигдана.

Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарыг Засгийн газартаа ажиллахыг урьсан нь өмнөх Засгийн газрын бодлогод Н.Учралын үед том өөрчлөлт гарахгүйг харуулах аж.

Нам доторх зодооноо зохицуулж дийлээгүй эхний уналтаас Үндсэн хуулийн цэцийн буянаар босож ирсэн Г.Занданшатар хоёр дахь удаагаа уналаа. Гэвч энэ уналт нь өмнөхтэй харьцуулахад "зөөлөн газардалт". Рио Тинто-той хийж буй хэлэлцээрийн явцад Монгол Улсын хамгийн том эрх ашгийг улс төрийн тоглолтын гол хөзрөө болгон сонгож авсан тэрбээр хоёр дахь уналтын шалтгаанаа хөрөнгө оруулагч талтай холбоод амжив.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Ашигт малтмал, уул уурхайтай холбоотой асуудал яригдаад эхлэхэд Засгийн газар огцорлоо. Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх тухайд эхлүүлсэн үйл хэрэг нь цаашид хэрхэх талаар тодруулахад,

- Рио Тинто группт таван асуудлаар шаардлага тавьж, яриа хэлэлцээ амжилттай үргэлжилж, нааштай үр дүнгүүд гарч байсан боловч улс төрийн гацаа саад үүслээ. Энэ нь нэг талаар улс төрийн нөхцөл байдлыг ашигласан, нөгөө талаас хэлэлцээрийн явц удааширсантай ямар нэг байдлаар холбоотой гэсэн дүгнэлт хийхээс өөр аргагүйд хүрч байна. Үүнийг улс төрийн өнөөгийн тогтворгүй байдалтай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй байна. Хэлэлцээний баг 4 удаа ширээний ард суусан. Хөрөнгө оруулагч тал тодорхой хэмжээнд зээлийн хүүг бууруулах санал өгсөн боловч бид санал нэгдээгүй байна. Монголын тал байр сууриндаа хатуу зогсоно. Тиймээс гэрээний дагуу 7 жилд нэг удаа тохиож буй зээлийн хүүг бууруулахад бодит үр дүн гаргахаар хоёр тал урьдчилан тохиролцсон. Мөн ногдол ашгийн урьдчилгаа авах талаар үр дүнтэй үргэлжилж байсан хэлэлцээ жаахан хойшилж буйд санаа зовж байна" хэмээн тэрбээр хариу тайлбар өгсөн юм.

Г.Занданшатар явж, Н.Учрал ирсэн ч нээлттэй үлдсэн Оюу толгойн хэлэлцээний нөхцөл, Засгийн газрын байр сууринд онцын өөрчлөлт гарахгүй. Учир нь энэ хоёр улстөрч талцаж хуваагдсан МАН-ын нэг талын тоглогчид. Н.Учрал Г.Занданшатарыг танхимдаа ажиллахыг урьсан нь энэ хоёр улстөрчийн эв нэгдлийг илтгэнэ. 

Оюу толгойн хэлэлцээ ид өрнөж буй энэ үед Засгийн газар унаж байгаад Рио Тинто-г "хардах” нэг хэсэг бий ч Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж нээлттэй үлдсэн хэлэлцээ үргэлжилнэ. Ямар шийдвэрт хүрснээ олон нийтэд танилцуулж таарна.

Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах үүрэг бүхий АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг хамгийн сүүлд 3 дугаар сарын 12-ны өдөр хөрөнгө оруулагч Рио Тинто-гийн талтай хуралдсан. Менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах талаар Засгийн газрын тавьсан саналыг хөрөнгө оруулагч тал хүлээн аваагүй буюу талууд санал нэгдээгүй. Харин Засгийн газрын саналыг тооцоолж үзээд, ойрын үед дахин хэлэлцэхээр болж бүтэн өдрийн уулзалт өндөрлөсөн байдаг. Менежментийн төлбөрийн хувь хэмжээг бууруулах зорилготой Ажлын хэсгийнхэн 3 дугаар сардаа багтан хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон ч Засгийн газар уналаа. Хэлэлцээ хэзээ үргэлжлэх талаар АҮЭБ-ийн яамнаас тодруулахад, Одоогоор хугацаа товлоогүй байна гэв.

Засгийн газрын бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөж, ямар өнгөөр "хөгжим эгшиглэхийг" Рио Тинто ажиглах ч Г.Занданшатарын үлдээсэн захиас замхарч өөрчлөгдөхгүйг тооцоолж суугаа нь лавтай.

Хөрөнгө оруулагчид хамгийн хатуу шаардлага тавьсан Ерөнхий сайд ийнхүү халаагаа өгөхдөө дараагийн Ерөнхий сайддаа захиасаа хэлээд, тойрон хүрээлэгчид болон олон нийтээс нэр хүндийн оноо халааслаад явж буй тэр улс төрийн дараагийн нүүдлээ харсан болов уу. Тэр нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа байж мэдэх юм.