
Б.Төгс
Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний гурван сарын байдлаар 7.37 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 32.5% өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 4.89 тэрбум ам.доллар, импорт 2.48 тэрбум ам.долларыг тус тус эзэлсэн бөгөөд экспорт 62.3%-иар өссөн бол импорт 2.8%-иар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2.41 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Нийт экспортын дийлэнхийг бүрдүүлж буй эрдсийн гадаад худалдааны тухайд зэсийн баяжмалын экспортын орлого нүүрснийхийг давсан хэвээр байна. Тодруулбал зэсийн баяжмалын экспортын биет жин оны эхний гурван сарын байдлаар 650.5 мянган тоннд хүрч, 2.2 тэрбум орчим ам.долларын орлого олжээ. Энэ нь жингээр 43%, үнийн дүнгээр даруй 2.3 дахин өссөнийг харуулна. Дэлхийн зах зээлд алт, зэсийн ханш өсч буйн сацуу Оюу толгойн далд уурхайн олборлолт нэмэгдэж буй нь манай улсын зэсийн баяжмалын экспорт огцом өсөхөд нөлөөлж байна. Харин цэвэр зэсийн экспорт он гарсаар жингээр 55%-иар бууралттай буюу 1.34 мянган тоннд хүрчээ. Ингэснээр тунгаасан зэсийн экспортын орлого 16 сая орчим ам.доллар буюу 41%-иар буурсан дүнтэй гарлаа.
Нүүрсний экспортын тухайд орлогын дүнгээр зэсийн баяжмалын араас хоёрдугаарт бичигдэж байна. Оны эхний гурван сарын байдлаар нүүрсний нийт экспорт 27.5 сая тоннд хүрснээр өмнөх оны мөн үеийнхээс даруй 60 орчим хувь буюу 10 орчим сая тонноор нэмэгджээ. Нүүрсний экспортын борлуулалтын орлого 1.8 тэрбум ам.доллароор хэмжигдсэн нь 34%-ийн өсөлтийг харууллаа.
Алтны экспорт оны эхний гурван сарын байдлаар 1.9 тонн буюу 316 сая ам.доллартой тэнцсэн нь жингийн хувьд ялимгүй өсөлттэй ч үнийн дүн нь огцом өссөн дүнтэй байна.
Төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд бараг хоёр сая тоннд хүрч, 135 сая ам.долларын орлого олжээ. Энэ нь жингээр 10%, орлогын дүнгээр 5.1%-иар тус тус нэмэгдсэн гэсэн үг.
Жоншны экспорт оны эхний гурван сарын байдлаар 440 орчим мянган тонноор хэмжигдсэн нь 8.2%-иар өссөн бол орлогын дүн нь эсрэгээр 11%-иар буурч, 78 сая ам.доллароор илэрхийлэгдлээ.
Цайрын баяжмалын экспортын биет хэмжээ оны эхний гурван сард 17 орчим хувиар буурч 34.1 мянган тонноор хэмжигдсэн ч орлогын дүн нь 3.1%-иар өсч 65.4 сая ам.долларт хүрчээ.
Газрын тосны экспорт оны эхний гурван сарын байдлаар 861.1 мянган баррельд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9% буурсан бөгөөд орлогын дүн нь 23.1%-иар доошилж 53.1 сая ам.доллароор хэмжигдлээ.
Бусад эрдсийн бүтээгдэхүүний тухайд молибденийн баяжмалын экспортын орлогын дүн ялимгүй өсөлттэй гарсан бол хар тугалгын хүдэр баяжмал болон гянтболдын хүдэр, баяжмалын экспортын орлого огцом нэмэгдлээ.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
