Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 70-80%-ИЙГ ЭНЭ ОНД ГҮЙЦЭТГЭНЭ

-MMJ сэтгүүлийн 3 дугаар сарын дугаарт-

А.Халиун

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалт 2025 оны есдүгээр сард эхэлсэн. Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын бүсэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 13-14-ний өдрүүдэд ажиллалаа. Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын захиалагчаар Монголын төмөр зам ТӨХК, гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын барилгын корпорац (“China Railway Construction Corporation” CRCC), хяналтыг хэрэгжүүлэгчээр “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж байна.

Засгийн газраас нүүрсний экспортыг эрчимжүүлэх замаар валютын орлогыг нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатар хил холболтын төмөр замын ажлыг гацаа саадгүй үргэлжлүүлэхийн тулд Монголын талаас шалтгаалах асуудал байвал газар дээр нь шийдвэрлэх үүрэг өгч Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг томилон явуулсан нь энэ аж.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь 32.6 км урт, 1520 мм өргөн болон 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий ачаа тээврийн сүлжээ болно. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдэх хэсэгт 7-34 метрийн өндөр дан болон хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтцийн иж бүрэн цогцолбор болох юм.

Бүтээн байгуулалт өрнөх хилийн зурвас газрыг хоёр улсын тал хаалттай бүс болгон тусгай хэрэгцээнд авч, Гадаад харилцааны яамаар дамжуулан харилцан ноот бичиг солилцжээ. Мөн хаалттай бүсэд ажиллах түр журмыг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан Хаалттай бүсэд ажиллах түр журмыг сайд Б.Дэлгэрсайхан гүйцэтгэгч компанийн төлөөлөгчдөд уулзалтын үеэр гардууллаа.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ 51 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЭХ ХҮСЭЛТ ТАВЬЖЭЭ

Бүтээн байгуулалтын ажил өрнөж буй хоёр улсын хилийн тэг цэгт ирэхэд гүүрэн байгууламжийн тулгуур багануудыг босгоод эхэлсэн харагдана. Ажлыг Хятадын газар нутгаас эхэлж, зураг төслийн дагуу БНХАУ-ын талд 34 тулгуур багана барих ёстойг 100% барьжээ. Монгол Улсын талд 284 тулгуур багана барихаас одоогийн байдлаар хоёр баганыг босгож, нэг баганын угсралтыг эхлээд байна. Ирэх 6 дугаар сараас эдгээр баганын дээр БНХАУ-ын талаас дам нурууны угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх Монгол, Хятадын талын уулзалт хоёр улсын хил дэх дундын цэг буюу хилийн хаалттай бүсэд болсон юм. Уулзалтад CRCC корпорацийг төлөөлж, Хил дамнасан төмөр замын төслийн менежер Ван Сан Тао тэргүүтэй төслийн багийнхан оролцлоо.

“Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын суурь бэлтгэл ажлыг сайтар хангаснаар төслийн гүйцэтгэлийг 10%-д хүргэсэн. 2026 он бол бүтээн байгуулалтыг 82%-д хүргэх оргил ачааллын жил. 2027 онд дутуугаа гүйцээж, мөн оны 4 дүгээр сард туршилтын галт тэргийг аялуулахаар төлөвлөсөн” гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Пүрэвжаргал танилцууллаа.

Сайд Б.Дэлгэрсайхан, “Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтад Засгийн газраас онцгой анхаарч байна. Гүйцэтгэгч талаас бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга, арматур, геодези, геологийн бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хангасан.

Гүйцэтгэгч компанийнхан үзэж, танилцсаны дагуу тэдний санал болгосон талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга зэргийг ашиглах зөвшөөрлийг Засгийн газрын тогтоолоор шийдсэн. Хамгийн чухал нь ажиллах хүч. Бүтээн байгуулалтад ажиллах Хятадын 1280 ажилчны виз олговол Монголын газар нутагт ажиллах боломж бүрдэнэ. CRCC корпорацийн хүсэлтийн дагуу ажиллах хүчний визийн асуудлыг Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар шийдэж, албажуулсны дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөговь аймаг дахь салбараас хилийн бүсэд ирж, Хятадын ажилчдад виз олгоно. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжлэх боломж бүрдэнэ” хэмээн ажлын явцын талаар тайлбар өгөв.

Төслийн нийт төсөвт өртөг нь 902 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч тал энэ төсвийг тодорхой хэмжээгээр нэмэх саналаа манай талд тавьжээ. Гэрээ байгуулснаас хойш зах зээл дэх мөнгөний ханшийн уналт, ажиллах хүчний хөлс болон бусад түүхий эдийн үнэ нэмэгдсэн зэрэг шалтгаанаар төсвийг 51 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтийг CRCC корпорациас тавьсан байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгааг Хятадын талын төлөөлөгчид уулзалтын үеэр тодруулж асуув.

Хариуд нь сайд Б.Дэлгэрсайхан, “Бүтээн байгуулалтын санхүүжилтэд тодотгол хийх талаар судлан шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Засгийн газраас байгуулсан. Ажлын хэсгийг би ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон албаны бусад хүмүүс багтаж байна. Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийсэн. Дараагийн долоо хоногт хоёр дахиа хуралдаж, саналаа Засгийн газарт танилцуулна. Монгол Улсын Тендерийн тухай хуулийн дагуу ажлын гүйцэтгэл 15%-д хүрвэл нэмэлт зардлыг гүйцэтгэл төлж болох зохицуулалтын дагуу шийдэхээр ярилцаж байна” гэлээ.

Хил дамнасан төмөр замын төслийн менежер Ван Сан Тао, “Төслийн талбайд бид өндөр хүчин чадал бүхий стандартын шаардлага хангасан машин механизм, тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил харьцангуй эмх цэгцтэй, төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна. Байгууламжийн гол хэсгийн тулгуур багана суурилуулах ажлыг бүрэн гүйцэтгэлээ. Тулгуур багана хамгийн их цаг хугацаа авсан ажлуудын нэг юм. 2026 онд бид гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэнэ. Төслийн талбайд ажиллах манай ажилтнууд хилийн цаахна ирсэн. Монголын газар нутагт ажиллах визийн зөвшөөрөл олговол бид ажилдаа ороход бэлэн” гэлээ.

Төслийн талбайд хоёр улсыг холбосон тулгуур багануудыг суурилуулж эхэлснийг бид харж байна. Тэгвэл хилийн цаана БНХАУ-ын нутаг дэвсгэрт Дам нурууны үйлдвэр, дам нурууг уураар хатаах, арматур бэлтгэх талбай зэрэг төслийн бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангах дэд бүтцийн байгууламжууд ажиллаж эхэлжээ.

Төсөл дээр БНХАУ-аас 1280 хүн ажиллана. Гэрээний дагуу төслийн нийт санхүүжилтийн 30 орчим хувьд нь Монгол Улсын компаниуд ажиллах бөгөөд ойролцоогоор 300-400 монгол ажилчин түр ажлын байраар хангагдах аж. Хил холболтын төмөр замын боомт болох энэ талбайд Ажилчдын байр, цэвэрлэх байгууламж, зүтгүүр зэхэлтийн талбай зэрэг 30 гаруй байгууламж баригдах ба энэ бүх ажлыг Монгол Улсын компаниуд хийж гүйцэтгэх юм байна. Одоогоор Монголын хоёр компани ажилдаа оржээ.

Гэрэл зурагт харагдаж буй Монгол Улсын төрийн далбаатай тулгуур баганаас нааш манай улсын газар нутаг бөгөөд энэ хавраас эхлэн Монголын талд бүтээн байгуулалт өрнөнө. Эдгээр тулгуур баганын хамгийн өндөр нь 34 метр бөгөөд үүнээс хоёр тийш 7 метр хүртэл намсаад явна гэсэн үг. Тулгуурын даац, тогтворжилтыг хангах зорилгоор тулгуур бүрийн дор тус бүр нэг метрийн диаметртэй, 12 ширхэг шон суурийг 35-41 метрийн гүнд суулгаж, зохих бэхжүүлэлт хийсний дараа газар дээрх арматур бэлдцийг суурилуулж, бетон цутгалтыг хийж, газар дээрх тулгуур багануудыг босгожээ. Тэгэхээр эдгээр багана бүрийн суурь нь газрын гүнд 40 орчим метр, нийт 70 метр том бүтэц болох аж.

“Газрын гүнд 30-40 метр өрөмдөж, шонгийн суурь суулгах энэ ажил нь маш их хугацаа шаарддаг. 2025 онд хийсэн гол ажил нь өрмийн ажил байсан бөгөөд Монголын талд 2382 ширхэг шон суурь өрөмдөхөөс гүйцэтгэл 60%-тай явна. Одоо өрөмдсөн нүхэндээ арматурыг суулган, бетон цутгалтыг хийнэ. Тэгэхээр өнгөрсөн жил маш их цаг авдаг гол ажлуудаа нугалсан” гэж энэ төсөлд хяналт тавин ажиллаж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженерүүд тайлбарлав.

Монгол Улс 2026 онд 90 сая тонн нүүрс экспортолсон. Энэхүү хил холболтын төмөр зам ашиглалтад ороход нэвтрүүлэн өнгөрүүлэх хүчин чадал нэмэгдэж, 160 сая тонныг экспортлох зорилго тавьжээ. Тэр дундаа Гашуунсухайт боомт нь манай улсын нүүрс экспортын гол гарц бөгөөд одоогоор жилд 40 сая тонныг экспортолж байна. Төмөр зам ашиглалтад ороход тээврийн зардал 2-2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өснө гэж тооцоолж буй юм.

“Төмөр зам ашиглалтад орсон ч нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй. Энэ боомтод авто замын тээвэр зэрэгцэн тасралтгүй үргэлжилнэ” гэж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тодотгож байв.