
- The Mongolian Mining Journal - 2026.03 сарын дугаар
Б.Төгсбилэгт
“Mонголын геологи, хайгуул-2026" 17 дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн (Mongolia Mineral Exploration Round-Up 2026) 3 дугаар сарын 26-27-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хурал нь Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа мөн онцлогтой байлаа. Чуулга уулзалт "Хариуцлагатай хайгуул” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд хурлаар геологи, хайгуулын салбарт тулгамдаад байгаа нэн чухал олон асуудлыг хэлэлцлээ. Хурлыг нээж, гол илтгэлийг салбарын сайд Г.Дамдинням "Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчин" сэдвээр хийлээ.

Г.ДАМДИННЯМ: ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨСВИЙГ НЭМЭХ БОДЛОГО БАРИНА
Тэрбээр илтгэлдээ "Дэлхий нийт эрчим хүчний шилжилт, цэвэр эрчим хүч, газрын ховор элемент, чухал ашигт малтмалыг онцлож байгаа цаг үед Монголын геологичдын 17 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдаж буй нь нэн онцлог байна.
Монгол орны геологийн салбар уналтын доод түвшиндээ хүрээд буйг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Улсынхаа ДНБ-ий 8%-иас дээш хэсгийг бүрдүүлдэг тус салбар улсынхаа эдийн засгийн суурь салбарт тооцогддог. Энэ салбар ДНБ-ийн 25%-ийг бүрдүүлдэг. Энэ утгаараа манай суурь салбар юм. Өнгөрсөн 2025 онд эрдсийн экспортын хамгийн дээд үзүүлэлтүүдэд хүрч чадсан. Харин өнгөрсөн жилүүдэд бид улсын төсөвтөө геологийн судалгааны ажлыг ер нь анхааралгүй явж иржээ. Монгол орон сүүлийн 36 жил 1990 оноос өмнөх эрэл, хайгуулын суурь судалгааны ажлын үр дүнгээр амьдарч байна. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх эрэл судалгааны ажлын төсөвт дүнг эрс нэмэгдүүлнэ. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тооноос Монголын геологийн салбар хаана явж байгаа талаар дүгнэлтээ хийж болно. Нийт газар нутгийн 3.34%-ийг хайгуулын 1057 тусгай зөвшөөрлөөр, 1.22%-ийг ашиглалтын (1766) тусгай зөвшөөрлөөр олгосон байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо ашиглалтынхаас 2 дахин бага байна. Ер нь дэлхийн аль ч улсад ийм зүйл байдаггүй. Ийм нөхцөл байдалтай манай салбар яаж урагшлах вэ? Олон улсын жишгээр бол хайгуулын тусгай зөвшөөрөл ашиглалтын тусгай зөвшөөрлөөс дор хаяж 5 дахин их байх ёстой.
Монгол Улсын эдийн засгийг тэлэх хууль эрх зүйн орчны шинэчлэлийн жилийг 2026 онд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хийнэ гэсэн зорилго тавьсан.
Дэлхий даяараа Ормузын хоолой хаагдсанаас үүдэн өнөөдөр эрчим хүчний хямрал нүүрлэж байхад бид үүнийг боломж болгон харж, нүүрсний салбараа дахин сэргээх, нүүрс-химийн салбараа өөд нь татаж, нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Бидэнд эрх зүйн орчин дутагдаж байна. 2026 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж батлуулна гэсэн зорилготой байна. Долоо, найман жил хүлээгдсэн энэ шинэчлэл хийгдэх цаг нь болсон.
Олборлолтоос боловсруулалт руу шилжинэ. Чухал ашигт малтмалын салбарын зохицуулалтыг тодорхой болгоно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох аргачлалыг шинэчлэн геологи, уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж байгаа орон нутгуудад илүү түлхүү олгоно. Харин геологи, уул уурхайн үйл ажиллагаа, эрэл судалгааны ажлыг дэмждэггүй газруудад огт олгохгүй байх ийм зохицуулалтыг оруулна.
Бид дэлхийн 80 гаруй улс оронтой өрсөлдөж байна. Иймд өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Тийм учраас хариуцлагатай уул уурхайг дэмжинэ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох олон сонголтыг бий болгоно. Өөрөөр хэлбэл, одоо мөнгөтэй нь аваад дарчихдаг эсвэл хамгийн ендер үнэ шидээд хаячихдаг энэ тогтолцоог зогсооно. Ашигт малтмалын лицензийг өргөдөлд суурилж гэрээгээр олгоно. Өөрөөр хэлбэл суурь судалгааны ажил хийгдээгүй, тодорхой бус таамаглал байхгүй газар нутгуудад эрэл судалгааны ажлыг хийх компаниудтай гэрээ хийгээд тухайн олсон мэдээллээ улсад үнэ төлбөргүй, нээлттэй олон нийтэд тавиад түүнийхээ үр дүнд хайгуулын лицензийг авч болдог тогтолцоо руу шилжинэ.
Өөрөөр хэлбэл, хайгуулын салбарыг олон улсад байдаг боломжит хувилбар руу шилжүүлж дараагийн өөрчлөлтүүдийг хийнэ.
1997 оноос хойших тусгай зөвшөөрөл олголтын мэдээллийг та бүхэн харж байна. 2010 оноос эхлээд манай салбарын уналт эхэлсэн. Одоо "амь тавих" гэж байна. Хайгуулын 14323 тусгай зөвшөөрөл олгосноос 13499-ийг өргөдлөөр, 738-ыг сонгон шалгаруулалтаар, бусдыг нь Засгийн газрын тогтоолоор олгосон. Ашиглалтын 2558 тусгай зөвшөөрөл, хайгуулын 14323 тусгай зөвшөөрлийг олгожээ.
Цар тахлаас хойш сүүлийн 5 жилд ихэнх улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа шинэчилж зарласан. Газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын жагсаалтын 70 гаруй хувь нь Монгол орны газрын хөрсөнд байгаа гэдгийг та бүгдийн судалгааны ажил нотолсон. Бид дэлхий нийтийн чиг хандлагаас хоцорч болохгүй. Чухал ашигт малтмалын жагсаалтад орсон бүтээгдэхүүнд тусгай хууль, тусгай боломж, тусгай лиценз, тусгай үйлдвэрлэлийн зохицуулалт хийхээр хуулинд тусгаж байна. Тийм учраас чухал ашигт малтмалын жагсаалтыг батлах нь нэн чухал.
Сангийн яамтай ойлголцолд хүрч орон нутагт очдог АМНАТ-ийн хэмжээг 10% байгааг 20% болгож 2 дахин өсгөн, нэмэлт орлогыг аймаг, суманд нь хуваарилж өгнө. Хэн хариуцлагатай уул уурхай, геологи судалгааны ажлыг дэмжиж байна, тэр илүүг хүртэнэ.
Зэс өнөөдөр стратегийн үнэт металл. Гэвч "Эрдэнэт үйлдвэр" 21.6%-ийн АМНАТ төлж байна. Ийм өндөр АМНАТ-тэй байхад хэн энэ салбар руу орох вэ? Хармагтайн орд хайгуул, судалгааны ажил нь бэлэн, Цагаансуваргын ордыг нээж чадахгүй байна. Гэтэл бид алтан дээр суусан гуйлгачин байсан бол одоо зэсэн дээр суусан гуйлгачин болж байна. Улсын эдийн засаг нь ганцхан нүүрснээс хамааралтай, нүүрсний үнэ унахаар хямраад сэргэхээр мөнгөө багтааж ядаад ийм байж болохгүй. Салбар дотроо төрөлжүүлж, бусад түүхий эдийг олон улсад өрсөлдөхүйц АМНАТ, татварын бодлогоор дэмжих бодлого баримтална.
Мен Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хуулийг өргөн барина.
3.6-хан сая хүн амтай, дэлхийд 17-д орох нутаг дэвсгэртэй, харьцангуй боловсролтой, эрх чөлөөтэй, улс орныг геологи, уул уурхайн салбараас өөр эдийн засгийн хөгжилд аваачих боломж бидэнд байхгүй." гэв.

Н.МӨНХБИЛЭГ: ХАЙГУУЛЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО
Үндэсний геологийн алба /ҮГА/-ны дарга Н.Мөнхбилэг дараагийн гол сонсголыг "Монголын геологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв" сэдвээр хийсэн.
Тэрбээр, "2025 онд үндсэндээ шинээр эхлүүлсэн төсөлдөө 18.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч 2025 оны төсвийн орлогын төвлөрүүлэлт болон бусад санхүүгийн хүндрэлтэй холбоотойгоор нийт төсөвлөсөн төсвийнхөө 73.4%-ийг л санхүүжүүлж чадсан. Гэхдээ ямар нэг байдлаар ажлууд тасалдаж зогсоогүй, харин ч зарим төсөл давуулан гүйцэтгэсэн амжилтаар өнгөрсөн оныг үдсэн.
1:50000-ны масштабтай зураглалын ажил, сэдэвчилсэн судалгааны ажил, гадаад улсуудтай хамтын ажиллагааны хүрээнд 5 улсын төсөл зэргийг хэрэгжүүлсэн.
Алт-3 хөтөлбөрийн хүрээнд ҮГА бас тодорхой ажлуудыг нэмж зарлаж, гүйцэтгэлийг өнгөрсөн онд хангуулсан. 2026 оны хувьд түүхэндээ хамгийн өндөр төсөв буюу 45.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.
Нийт төсвийн 60 орчим хувийг сэдэвчилсэн судалгааны үргэлжилж байгаа төслүүд дээр, зураглалын үргэлжлэх төслүүдэд 19%, шинээр эхлэх зураглалын төсөлд 8%, сэдэвчилсэн судалгааны төсөлд 13%-ийг тус тус зарцуулахаар төлөвлөсөн.
2026 онд 1:50000 геологийн зураглалын ерөнхий эрлийн 5 ажил хийхээр төлөвлөсөн. Нийт 19460 орчим км квадрат талбайг хамарсан таван төслийг энэ жил эхлүүлнэ. Энэ төслүүдийн байршил үндсэндээ Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн нутгаар үргэлжилнэ. Өнгөрсөн оны төлөвлөлт бол голцуу баруун талын геологийн тогтоцыг тодорхойлох, мөн нутгийн эрлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор төлөвлөлт хийгдсэн. Энэ онд говийн бүс рүүгээ чиглэсэн ажлыг төлөвлөөд байна. Дараагийн ажил бол 1:25000-ны масштаб бүхий Хархорин орчмын гео-орчны судалгааны ажил. УИХ-аар батлагдсан шинэ хотын нийслэлийн төлөвлөлттэй уялдуулж дахин энэ жил эхлүүлэхээр зарлаад байна. Энэ төслийн хүрээнд Хархорин хотын захирагчтай уулзаж, одоогоос 2 жилийн өмнө хийгдэж эхэлсэн бусад судалгааны ажлуудтай уялдуулж энэ төслийг хэрэгжүүлэхээр зорилт тавиад ажиллаж байна.
Дараагийн төсөл бол хамтын ажиллагааны хүрээнд буюу хөрш орнуудын ижил төстэй геологийн байгууллагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хойд, урд хил орчмын бүс нутагт геологийн 1:1000000 болон 1:200000-ны масштабын түвшний зургуудыг зохиох, мөн геохимийн судалгаагаа нэгтгэх ажлуудыг эхлүүлэх гэж байна. Стратегийн ач холбогдолтой ажил учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтарч зохион байгуулахаар ажиллаж байна.
Хамгийн их төсөв тавигдаж хийгддэг 1:50000-ны масштабтай зураглалын ажил 1936-1999 оны хооронд хийгдсэн бөгөөд нутаг дэвсгэрийн 22.4%-ийг хамардаг. Гэвч эдгээр ажил нь тэр чигээрээ аналог хэлбэртэй байх жишээтэй. 2000-2025 оны хооронд хийгдсэн 1:50000 бүхий зураглалын ажлууд нь нийт нутаг дэвсгэрийн 24.8%-ийг эзэлдэг. Үүний дөнгөж 19% нь цахим буюу та бүхэнд цахимаар хүргэх боломжтой гэсэн үг. 81% нь аналог хэлбэртэй. Геофизик, геохимийн судалгааны төрлүүдийн тухайд 2 жилийн өмнө бүх нутаг дэвсгэрт 1:1000000-ын масштаб дээр цахим геохимийн өгөгдөлтэй болсон. Үүнийг ҮГА хэрэглээнд гаргахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Гидрогеологийн судалгааны хувьд бусад геологийн судалгаан дотроо хамгийн бага тоон үзүүлэлттэй байна. Учир нь 2004 онд батлагдсан Усны тухай хуулийн дагуу гидрогеологийн судалгааг тусад нь төрийн захиргааны төв байгууллагад харьяалуулахаар болсон. Гэвч гидрогеологийн судалгаа нь геологийн салбарын нэгэн чухал багана учраас энэ ажлыг буцааж салбар дээр төвлөрүүлж авчрах талаас нь ҮГА ажиллаж байна. 2025 онд гидрогеологийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зохиогдох зургийн төслийг зарлаад амжилттай хэрэгжүүлээд явж байна.
Мэдээллийн системийн тухайд ҮГА тус тусдаа бие даасан сангуудыг үүсгэсэн 24 үндсэн болон 80 гаруй туслах сангуудтай. Энэ сангуудыг хооронд нь холбож, нэгээс нөгөөд шилжиж мэдээлэл цогцоороо бий болгох шийдлийг системийн түвшинд бий болгоод байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хайгуулын үр дүнгийн мэдээллийг хуулийн дагуу мэдээлэл эзэмшигч төрийн байгууллагын хувьд мэдээллийг авч бусдад нээлттэй болгохоор төлөвлөж байна. Эхний ээлжинд 1.9 сая га талбайг эзэмшсэн 7 компанитай эргэн холбогдож хайгуулын мэдээллийг нь авсан" гэв.

С.ТҮВШИНБАЯР: ГАЗРЫН ТОСНЫ ГЕОЛОГИЙН БАТАЛГААТ НӨӨЦ 443 САЯ ТОНН БАЙНА
Тус чуулга уулзалтанд АМГТГ-ын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга С.Түвшинбаяр "Уламжлалт болон уламжлалт бус газрын тосны эрэл хайгуулын өнөөгийн байдал" сэдвээр, АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн О.Оргил "Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ашигт малтмалын хайгуулын ажлын өнөөгийн байдал" сэдвээр тус тус сонсгол тавьж хайгуулын сүүлийн үеийн мэдээллийг хүргэсэн.
Газрын тосны хайгуулын тухайд С.Түвшинбаяр дарга хууль эрх зүйн орчин, эрэл хайгуулын талаар илтгэлдээ танилцууллаа.
Газрын тосны геологийн баталгаат нөөцийг 443 сая тонн гэж байгаа. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43 сая тонн байна. 2025 оны эцсийн байдлаар нийт Монгол Улсын хэмжээнд 11 сая тонн газрын тос олборлож, экспортлоод байна.
Газрын тосны салбар нь дээд урсгал/upstream/буюу хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа, дунд урсгал /midstream/ буюу боловсруулалттай холбоотой үйл ажиллагаа, доод урсгал /down-stream/ буюу хадгалалт, тээвэрлэлт, түгээлттэй холбоотой үйл ажиллагаа гэсэн гурван хэсэгт хуваагддаг.
Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг зохицуулдаг гол хууль болох Газрын тосны тухай хууль 1991 онд батлагдаж улмаар 2014 онд тус хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Мөн доод урсгалд хамаарах үйл ажиллагааг 2005 онд батлагдсан Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар зохицуулдаг. Түүнчлэн боловсруулах үйлдвэртэй холбоотойгоор 2021 оны 1 дүгээр сарын 29-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг баталжээ.
Газрын тосны хайгуул ашиглалт буюу дээд урсгалтай холбоотой үйл ажиллагaar бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчимд тулгуурлаж зохицуулж байна. Гэрээлэгч болон аж ахуйн нэгжүүд Засгийн газартай гэрээ байгуулан ажиллана.
Газрын тосны эрэл гэдэг ойлголт 2014 оны Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад бүрэн тусгалаа олсон байна. Үүгээр геологи, геохими болон геофизикийн тойм судалгааны ажлыг эрлийн гэрээгээр гүйцэтгэж болно гэж тусгасан. Эрлийн ажлын гэрээ 3 жилийн хугацаатай байдаг.
Тухайн аж ахуйн нэгж 3 жилийн хугацаанд гаргасан ажлын зардал болон эрсдлээ өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд цаашид бүтээгдэхүүн хуваах гэрээ рүү шилжих нөхцөл нь гэрээлэгчид нээлттэй байдаг. Энэ жишгээр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа метан хийн компаниуд бүгд эрлийн гэрээнээс бүтээгдэхүүн хуваах гэрээ рүү шилжсэн байдаг.
Одоогийн байдлаар Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн 5 талбай, газрын тосны 2 талбайд эрлийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Одоогоор Монгол Улсад газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа 10 талбай байгаа бол нүүрсний давхаргын метан хийн хайгуулын 7 талбай байна. Нүүрсний давхаргын метан хийн хайгуулын тухайд туршилтын олборлолт хийгээд хэвтээ цооногийн өрөмдлөг хийж буй хоёр ч компани байна. Тодруулбал Тавантолгой ХХХIII талбай дээр "Метан газ ресурс" компани, Гурван тэс XXXV талбай дээр "Тэлмэн Ресурс" компани туршилтын олборлолт явуулж, нэг цооногоос өдөрт 800-900 метр куб хий олборлож байна.
Харин газрын тосны хайгуулын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа 17 талбай байна. Газрын тосны ашиглалтын 4 талбай бий. Тодруулбал, Тосон уул ХІХ, Тамсаг ХХІ дүгээр талбай буюу "Петрочайна Дачин Тамсаг" компани дээр хоёр талбай байна. "Доншен газрын тос Монгол" компанийн Зүүнбаян дахь (БХГ-97) нэг талбай байна. Мөн 2024 онд албан ёсоор ашиглалтад шилжсэн Петро Матад компанийн Матад ХХ талбай бий.
Галба ХІ, Эргэл ХІІ, Тариач XV талбайнууд дээр хайгуулын ажил нэлээн эрчимтэй явагдаж, хөрөнгө оруулалтын хэмжээ ихээр хийгдсэн байна. Тосны илэрцтэй зарим талбайнууд болон туршилтын олборлолтоор тосоо олборлоод экспортод бас гаргасан. Эдгээр талбайд "Зон Хан Юу Тиан", "Смарт ойл Монголиа", "Чайна голденский петролиум эксплорэйшн корпорэйшн" зэрэг компани үйл ажиллагаа явуулж байна.
Давст ХХХІ талбайд "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК энэ онд хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөөд байна.
Дорноговь аймагт баригдаж буй Боловсруулах үйлдвэр 2028 оны нэгдүгээр хагаст ашиглалтад орно. Үүнд 1.5 сая тонн түүхий тос боловсруулан 1.3 сая тонн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар "Петрочайна Дачин Тамсаг” компаниас түүхий тосыг дамжуулах хоолойгоор боловсруулах үйлдвэр рүү дамжуулахад түүхий эдийн хомсдол буюу түүхий тос 1.5 сая тоннд хүрэхгүй байгаа учраас газрын тосны хайгуулын ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Иймд үйлдвэр ашиглалтад орох хүртэлх үлдсэн 2 жилийн хугацаанд ашиглалтад шилжих боломжтой талбайгаар Тариач ХѴ, Галба ХІ, Арбулаг ХХІХ, Хөхнуур XVIII, Баянтүмэн XVII нэрлэгдэж байна.
Салбарын хууль эрх зүйн орчны тухайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын (2025.06.16-ны өдрийн А195 дугаар тоот) тушаалаар Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хуулийн төслийн үзэл баримтлал одоо батлагдахад бэлэн болсон. Түүнчлэн Газрын тосны бүртгэл тооцооны журамд бас нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буйг дуулгалаа.
Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хайгуулын ажлын талаар АМГТГ-ын Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн мэргэжилтэн О.Оргил сонсгол тавьсан.
Цахим сонгон шалгаруулалтыг 2026 онд 58 талбайд буюу 285 мянган га талбайд зохион байгуулж, хайгуулын 24 тусгай зөвшөөрөл олгосон байна (96.2 мянган га). Улмаар 2026 онд улсын төсөвт 20 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол гүйцэтгэл одоогийн байдлаар 49 тэрбум төгрөгт хүрч давж биелээд байна. Сонгон шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох tender.gov.mn-ээр ил тод нээлттэй явуулж байгаа юм байна. Засгийн газрын баталсан 17 сая га талбайгаас одоогийн байдлаар 8.53 сая га талбай зарлах боломжтой байна.
Хувийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа хайгуулын мэдээллийн хувьд одоогийн байдлаар 644 хайгуулын тусгай зөвшөөрлийн төлөвлөгөө ирүүлсэн байна. Хуулийн хугацаа 4 дүгээр сарын 15 хүртэл байдаг тул уг үзүүлэлт 1000 нэлээд давах төсөөлөлтэй байгаа ажээ. Хайгуулын зардал, 2021 онд 159 тэрбум төг, 2022 онд 241 тэрбум төг, 2023 онд 467 тэрбум төг, 2024 онд 379.6 тэрбум төг, 2025 оны дүнгийн тайлан хянагдах шатанд явж байна.
Гянтболдын хайгуулын ажлын хөрөнгө оруулалт 2024 онд 106 сая төг, 2025 онд 1 тэрбум төгрөгт хүрсэн. 2025 онд гянтболдын хоёр ордын хэмжээнд 8143 тонноор нөөц нэмэгдсэн байна. Гянтболдын (70%-ийн агуулгатай) үнийн мэдээллийг сүүлийн 5 жилд авч үзвэл 2021-2025 онд тонн тутамдаа 15.4-26.8 мянган ам.долларт хэлбэлзэж байсан бол 2026 оны 3 дугаар сарын байдлаар 207 мянган ам.долларт хүрч огцом өссөн байна. Өөрөөр хэлбэл гянтболдын хайгуулын ажлыг эрчимжүүлж дараа дараагийн орд газруудыг нээн илрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах нэн шаардлагатай байгааг АМГТГ-аас тодотголоо.

М.ДАГВА: НҮҮРСНИЙ ҮНИЙН УНАЛТААС ХОЙШ КРИТИКАЛ МИНЕРАЛ УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ТӨРӨЛЖҮҮЛНЭ
Энэ удаагийн чуулга уулзалтын бас нэгэн сонирхолтой илтгэл чухал ашигт малтмалын судалгааг дэмжих чиглэлд ямар ажлууд өрнөж байгаа тухай байлаа. Уг сонсголыг МЧАМ ассоциацийн тэргүүн М.Дагва хийсэн юм.
Эрдсийн хайгуул, тэр дотроо чухал ашигт малтмалын хайгуул өмнө нь цэвэр зах зээлийн горимоор өрнөж байсан бол одоо эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн агуулгатай болжээ. Одоо улс орнуудын дипломат харилцаа нь хүртэл критикал минеральд суурилах хандлага илэрхий болжээ. Критикал минералын салбарт аж үйлдвэр хөгжүүлсэн улсууд төдийгүй манайх шиг эрдэс баялгийн тодорхой нөөцтэй улсууд бодлогоо тодорхойлох шаардлагатай. Үүний хамгийн тод томруун жишээ бол Канад, Энэтхэг. Манай улсын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахтай зэрэгцээд чухал ашигт малтмалын жагсаалтыг батлахаар төлөвлөж буй юм. Ингэснээр гадаад улс орнуудтай чухал ашигт малтмалын чиглэлд хамтран ажиллахад барих өнцөг, холбогдох бүтэц бүрэлдэхүүн тодорхой болж ирнэ.
Эдийн засгийн өгөөжийн тухайд 2024 он хүртэл ерөнхийдөө критикал минералыг онцгойлон авч үзээгүй. Учир нь нүүрс, зэс хоёр л манай улсын эдийн засгийг авч явна гэсэн хандлага давамгай байсан. Гэтэл 2024 онд нүүрсний үнэ унаснаас хойш критикал минералын бодлого нь манай улсын уул уурхайн салбарыг төрөлжүүлж, хайгуулын салбарт орж ирэх хөрөнгө оруулалтыг шинэ эрч хүчээр сэлбэх боломжтой гэсэн ойлголтод хүрээд буй нь том давуу тал гэдгийг МЧАМ ассоциацийн тэргүүн тайлбарлалаа.
Энэ удаагийн хурлаар мөн Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаанд хариуцлагатай хайгуулын кодексын бодит хэрэглээ болон Геологи-хайгуулын ажлын хөдөлмөр зарцуулалт, норм нормативын шинэчлэл зэрэг чухал сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулга уулзалтад мөн дотоодын болон олон улсын геологи, хайгуулын чиглэлийн байгууллагын мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг туршлага, технологийн шийдлүүдээсээ хуваалцлаа.
