
Т.Бямбанаран
15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн хүрээнд салбарын томоохон хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ хэлцлүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “Таванбогд Констракшн Машинери” ХХК нь Япон улсын “Хитачи” брэндийн уул уурхайн тоног төхөөрөмж, машин механизмыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг билээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр Шарын гол ХК нь “Хитачи” брэндийн 120 тонны даацтай, 7 м³ шанаганы багтаамж бүхий EX1200 маркийн хоёр ширхэг экскаваторыг “Ти Ди Би Лизинг” ХХК-ийн санхүүжилтээр ойролцоогоор 8 тэрбум төгрөгөөр худалдан авахаар боллоо.
Тус худалдан авалттай холбоотойгоор өнөөдөр /2026.04.17/ Шарын гол ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан, “Таванбогд Констракшн Машинери” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ю.Ариунсайхан, “Ти Ди Би Лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Эрдэнэ-Очир нар худалдах, худалдан авах гэрээний урьдчилсан санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шарын гол ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан энэ үеэр хэлэхдээ, “Манай компани 60 жилийн түүхтэй, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайн компани. Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хангахын тулд олборлолтыг эрчимжүүлэх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд бид “Хитачи” брэндийн тоног төхөөрөмжийг тогтмол ашиглаж ирсэн. EX1200 экскаваторууд нь манай уурхайн 9 болон 10 дахь экскаватор болж байна” хэмээн онцоллоо.
Энэхүү хэлцэл нь уул уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник технологийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ салбарын хамтын ажиллагаа, санхүүжилтийн шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлж буйн тод жишээ болж байна.