
Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оросын Холбооны Улсад албан томилолтын хүрээнд ОХУ-ын Газпромнефть компанийн захирал Александр Валерьевич Дюковтой уулзалт (2026.04.17) хийлээ. Уулзалтаар талууд Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой дэлхийн зах зээл дээр бий болсон газрын тос, шатахууны үнийн өсөлтөөс үүдэн дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг бууруулах хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд цаашид манай улсад нийлүүлэх Евро-5 стандартын бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэх талаар харилцан тохиролцлоо. Мөн манай улсад нийлүүлж буй шатахууны үнийг тодорхой түвшинд тогтворжуулах асуудлыг судлан үзэж харьяалах Засгийн газрын байгууллагуудтай зөвшилцөн шийдвэр гаргах талаар ярилцлаа.
Түүнчлэн салбарын сайд ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзалт хийлээ. Энэ үеэр "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Ингэснээр, Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: АҮЭБЯ