Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 2026 ОНД ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ АХИУ ХИЙЖ, НОГДОЛ АШИГ ХҮРТЭХ ХУГАЦААГ ОЙРТУУЛАХАД АНХААРНА

The Mongolian Mining Journal - 2026.03 сарын дугаар


"Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн тэргүүтэй тус компанийн удирдлагууд 3 дугаар сарын 18-ны өдөр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгсөн юм.

А.Халиун

Ажлаа хүлээн аваад хоёр сар болох гэж буй Оюу толгойн анхны монгол Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Дэлхийд зэсийн том уурхайнууд 100-гаас дээш жил үйл ажиллагаа явуулдаг. Орчин үеийн технологи нутагшуулсан Оюутолгойг төсөл гэж нэрлэхгүй. Төсөл бол тодорхой хугацаанд хэрэгжээд дуусдаг. Тиймээс Оюу толгой цөөн жилийн настай төсөл биш учир цаашид зэсийн үйлдвэр гэж нэрлэх нь оновчтой" хэмээснийг эхэнд нь онцолъё.

Оюу толгойн баяжуулах фабрик жилд 40 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. Ойрын 5-6 жилд зэсийн агуулга хамгийн өндөртэй далд уурхайн олборлолтыг нэмэгдүүлнэ. Тэр хэрээр эерэг мөнгөн урсгал нэмэгдэж, зээлээ төлж барагдуулахад гол анхаарлаа хандуулж байна. Зээлийн дарамт багасахын хэрээр хувьцаа ээзмшигчдийн өгөөж хүртэх хугацааг ойртуулах зорилго тавьжээ. Гүний уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхдээ хүдрээс ялган авах металийг нэмэгдүүлэх ба үүний тулд хөрөнгө оруулалтаа ч нэмэх шаардлагатай аж.

Энэ бодлогын хүрээнд 5 жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх зорилго тавьсан.

Оюу толгойн ТУЗ-ийн хурал улиралд нэг удаа болдог. Шийдвэрлэх асуудал гарвал дундуур нь ээлжит бус хурал зарладаг. Хамгийн сүүлийн буюу 2025 оны IV улирлын ТУЗ-ийн хурлаар жилийн тайлангаа танилцуулж, 2026 оны ажлын даалгавраа авчээ.

"2025 онд зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61%, алтных 121% өссөн. Энэ үзүүлэлт нь ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэний дээр олборлолтын томоохон дэд бүтцүүд болох гүний уурхай 2 дугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн 5 дугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэргийн бүтээн байгуулалтууд ашиглалтад орсонтой холбоотой.

"Оюу толгой" компани 2025 онд борлуулалтын орлогоос 1 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгалыг хүлээж байсан бол 2 тэрбум ам.долларт хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлүүд нь энэ юм. Эерэг мөнгөн урсгал гэдэг нь бүх хөрөнгө оруулалт болон зардлаа хассаны дараах үлдэгдэл. Эерэг мөнгөн урсгалын дүн нэмэгдэхэд зэс, алтны үнийн өсөлт ч сайнаар нөлөөлсөн.

"Оюу толгой банкуудаас авсан төслийн санхүүжилтийн зээлийг 2026 оны 6 дугаар сараас эхлэн төлөх хувиартай байсан. Эерэг мөнгөн урсгалын хэмжээ нэмэгдсэнээр зээлийн төлбөрийг 6 сарын өмнө буюу 2025 оны 12 дугаар сараас төлж эхэлсэн. Өнгөрсөн 12 дугаар сард 570 сая ам.долларын зээл төлснөөр 2026 онд төлөх зээлийн хүүгийн зардал 48 сая ам.доллароор буурсан" гэж Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн танилцуулав.

ТУЗ-ийн хурлын шийдвэрээр өгсөн 2026 оны ажлын даалгаварт, юуны өмнө аюулгүй ажиллагааг эрхэмлэхийн дээр гүний уурхайн ашиглалтыг эрчимжүүлнэ. 2026 онд 42 сая тонн хүдэр тээвэрлэн боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэн гаргахаар төлөвлөжээ. Үр дүнд 5.5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 1 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгалыг бий болгох тооцоолол хийсэн. 2026 оноос Оюу толгой ашигтай ажиллах бөгөөд энэ хэрээр эерэг мөнгөн урсгал нэмэгдэнэ. Энэхүү эерэг мөнгөн урсгалыг зээлээ буцаан төлөхөд зориулна.

ОЮУТОЛГОЙН ӨР ГЭЖ ЮУ ВЭ?

1 дүгээрт, Оюутолгойн бүтээн байгуулалтыг явуулахын тулд 2011 онд анх 15 банкнаас барьцаатай 4.3 тэрбум ам.долларын зээл авсан. Зээл авснаас хойш нэг л удаа төлөлт хийсэн буюу энэ нь "мөнгөтэй болсон хойноо төлөөрэй" гэсэн урт хугацаат зээл учир хүү нь өндөр. Энэ зээлийг 2026 оны үйл ажиллагааны ашгаар төлөхийг тэргүүн зорилго болгожээ. Тэр хэрээр хүүгийн төлбөр буурна.

2 дугаарт, Дараа нь Рио Тинто-гоос анхны зээлтэй адил нөхцөлөөр авсан 1.6 тэрбум ам.долларын зээл.

3 дугаарт, Хувь нийлүүлэгчдийн зээл буюу ямар нэг барьцаагүй зээл. Энэ зээлийг хамгийн сүүлд төлөхөөр төлөвлөжээ.

"Оюу толгой" компани 4800 үндсэн ажилтантай. Гэрээт ажилтнуудаа оруулбал 18 мянган хүн Оюутолгойн үйлдвэрт ажиллаж байна. Үүний 97% нь монголчууд, 3% нь гадаадын мэргэжилтнүүд. Гүний уурхайд блокчлон олборлох технологийг нэвтрүүлэхэд дэлхийд тэргүүлэх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан, монгол залуучуудаа дагалдуулан сургаж бэлтгэсээр байна. Компанийн цалингийн зардлын 85% нь монгол ажилтнуудад зориулагддаг.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх Рио Тинто болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн талаар тодруулахад, Оюутолгой компани энэ хэлэлцээрт оролцогч тал биш учир хэлэлцээртэй холбоотой тодорхой мэдээлэл өгөх, байр суурь илэрхийлэх боломжгүй гэж Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хариулт өгөхөөс зайлсхийв.

Ерөнхий сайд Г.Занданшатар буухын өмнө буюу 3 дугаар сарын 9-ний өдөр Рио Тинто-гийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон, "Рио Тинто Монгол" компанийн захирал Р.Амаржаргал, "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн.

Кейти Жаксон захирал Оюутолгойн менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлаар тодорхой саналтай иржээ. Түүнийгээ танилцуулсан нь Ерөнхий сайдад таалагдсангүй.

Ерөнхий сайд, "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэж би өмнө нь хэлсэн. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Рио Тинто-гийн хариултууд, бидэнд таалагдахгүй байна. Менежментийн төлбөр 40% гэж ярьсан байсан, 30% болжээ.

Зээлийн хүү дэлхийн банк, санхүүгийн байгууллагуудын бидэнд өгч байгаагаас 2 дахин өндөр буюу буураагүй байна. Нэг тал нь зээлийн хүүгийн зөрүүнээс ашиг хүртээд, нөгөө тал нь ногдол ашиг хүртэхгүй байгаа нь тэнцвэргүй, шударга бус байна. Харилцан үр ашигтай байх нь бидний тавьж буй шаардлага. Энэ шаардлагыг Парламент тавьж байна, бид хэрэгжүүлэх ёстой. Хамгийн гол нь шударга бус байгаад Монголын ард түмэн, парламент ч дургүйцэж байна" гэсэн юм.

Ерөнхий сайдын албан өрөөнд болсон энэ уулзалтын маргааш нь "Оюу толгой" компаниас 1.6 их наяд төгрөгийг Монгол Улсын Төрийн санд шилжүүлснийг Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлээд, Ерөнхий сайдын тавьсан шаардлагууд үр дүнгээ өгч, хөрөнгө оруулагчид буулт хийж байна гэсэн тайлбартайгаар цахим орчин "шуурав".

Ерөнхий сайд загнаж, хөрөнгө оруулагчид загнуулсандаа их наядаар тоологдох төлбөрийг төсөвт шилжүүлэв үү? Уг уулзалтад оролцсоны хувьд "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх тодорхой тайлбар сэтгүүлчдэд өглөө.

"Ерөнхий сайдын саналыг Рио Тинто нээлттэй хүлээн авсан. Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын харилцан ойлголцол сайн байгаа. Хоёр талын харилцаа нийгмийн сүлжээгээр цацагдсан шиг хүйтэн хөндий биш байна" гээд 1.6 их наяд төгрөгийн учрыг товч тайлбарлав.

Тэрбээр, Татварын ерөнхий газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд "Оюу толгой" компанийн 2021-2022 оны татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 220 сая ам.долларын татварын акт, үүний торгууль алдангийг тооцож 440 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын акт ирүүлсэн. Нэхэмжлэлийн дагуу Татварын хуулийг биелүүлж, "Оюу толгой" компани 1.6 их наяд төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлсөн.

Татварын ерөнхий газраас "Оюу толгой" компанид 3 удаагийн татварын акт ногдуулсныг Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон "Оюу толгой" компани хоёр талын зөвшилцлөөр 2020 онд Лондон хот дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан бөгөөд арбитрын процесс үргэлжилж байна. Шүүхийн шийдвэр яаж гарахаас шалтгаалан татвараа 100% төлөх, эсэх нь шийдэгдэнэ гэсэн юм.

Хэдийгээр Татварын ерөнхий газрын актыг "Оюу толгой" компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч тавьсан актын дагуу 100% төлж барагдуулжээ. Энэ талаар тодруулахад,

-Татварын маргаан дэлхийн аль ч улсад гардаг. "Оюу толгой" ХХК болон Татварын ерөнхий газрын хооронд ойлголтын зөрүү байна. Нэг гэрээг хоёр тал өөр өөрөөр уншиж, хэрэглээд байна гэсэн үг хэмээв.