Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ-ИРАН ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРЭЭ СУНГАСНААР АЛТНЫ ХАНШ ЭРГЭН СЭРГЭВ

Өнөөдөр (2026.04.22) дэлхийн зах зээл дээр алтны ханш өсөж, сүүлийн нэг долоо хоногийн доод түвшнээсээ эргэн сэргэлээ. АНУ-ын тал Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ тодорхойгүй хугацаагаар сунгасан нь үүнд голлон нөлөөлсөн ч энхийн хэлэлцээний ирээдүй тодорхойгүй хэвээр байна.

Алтны спот ханш 1.23 хувиар өсөж, унц нь 4,759.03 ам.доллар болсон бол алтны фьючерс үнэ 1.1 хувиар дээшилж 4,772.44 ам.долларт хүрэв. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд алтны спот ханш 4,700-4,900 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Эх сурвалж: goldprice.org

Түүнчлэн бусад үнэт металлын үнэ ч мөн дагаж өслөө. Тухайлбал, мөнгөний спот ханш 1.5 хувиар өсөж 77.79 ам.доллар, платинум 1.7 хувиар өсөж 2,074.38 ам.долларт тус тус хүрчээ.

Гал зогсоох хэлэлцээрийг сунгасан нь зах зээлд түр амсхийх боломж олгож байгаа ч цаашид хэрхэх нь эргэлзээтэй байна. АНУ-Ираны дайн эхэлснээс хойш алтны ханш тогтворгүй байгаа юм. Учир нь алт нь эрсдэлээс хамгаалах найдвартай хөрөнгө гэгддэг ч дайнаас үүдэлтэй инфляцын дарамт нь ханшийн өсөлтөд саад болж байна. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (Fed) тэргүүнд нэр дэвшигч Кевин Варш бодлогын хүүг бууруулах амлалт өгөхөөс татгалзсаны дараа ам.долларын ханш чангарсан нь үнэт металлын үнэд сөргөөр нөлөөлжээ.

Кевин Варш Төв банкийг улс төрөөс хараат бус байх ёстойг онцлоод, хэрэв томилогдвол бодлогын томоохон шинэчлэл хийхээ илэрхийлсэн. Зах зээлийн шинжээчид түүнийг хүлээгдэж байснаас илүү хатуу бодлого баримтлагч гэж үзэж байгаа бөгөөд түүний нэр дэвшсэн тухай мэдээ нэгдүгээр сарын сүүлээр үнэт металлын ханшийг хүчтэй унагаж байсан юм.

Эх сурваж: investing.com