
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Asian Battery Metals (ASX: AZ9) компани (2026.04.22) Монгол улс дахь "Майхан Уул" зэс-алтны төслийг худалдан авах ажиллагаагаа бүрэн дуусгаж, ирэх долоо хоногоос хайгуулын өрөмдлөгөө эхлүүлэхээр боллоо.
Компани ирэх долоо хоногт багтаан 1500 метрийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнөх хайгуулын ажлаар тогтоогдсон хэд хэдэн геологийн бүтцүүдийг зорилтот бай болгон ажиллана. Өрөмдлөгийн техник хэрэгслийг талбай руу зөөвөрлөх ажил хэдийнэ эрчимтэй явагдаж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эргэлтэт цохилтот (RC) болон ивүүрт (diamond) өрөмдлөгийг хослуулан төслийн нөөцийг системтэйгээр шалгах юм.
Майхан Уул төсөл нь Asian Battery Metals-ийн одоогийн эзэмшиж буй Ямбат (Овал зэс-никель-ПЛБ) төслөөс ердөө 8 километрийн зайд оршдог. Газар зүйн энэхүү ойр байдал нь хоёр төслийг хамтад нь хөгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх замаар төслийн эдийн засгийн үр өгөөжийг мэдэгдэхүйц дээшлүүлэх боломжийг олгож байна.
"Майхан Уул төсөл нь Ямбат төслөөс ердөө 8 км-ийн зайд оршиж байгаа нь бидний одоогийн хөрөнгийн бааз суурийг баяжуулж, ирээдүйд хамтарсан бүтээн байгуулалт хийх замаар үнэ цэн болон хамтын ажиллагааны давуу талыг нээх гайхалтай боломжийг олгож байна." хэмээн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир онцлов.
Компани зөвхөн өрөмдлөгөөр зогсохгүй, ирэх тавдугаар сараас эхлэн газрын гүн дэх эрдэсжилтийг гурван хэмжээстээр харах боломжтой 3DIP хэмээх дэвшилтэт технологийн судалгааг хийхээр төлөвлөжээ. Ингэснээр хайгуулын эрсдэлийг бууруулж, өндөр агуулгатай хүдрийн биетийг оновчтой тогтоох боломж бүрдэх юм.