Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“БАЯЛГИЙН НАЦИОНАЛИЗМ 2.0” ХАЯАНД ИРЛЭЭ

О.Дөлгөөн

Монголын орчин цагийн уул уурхайн салбарын сүүлийн 20 жилийн түүх баялагтаа эзэн суух гэсэн монголчуудын тэмцэл, алдаа, онооны дэнс юм. Бидний хувьд баялгийн национализм нь гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах гэсэн дан ганц үзэл бус, харин өвөг дээдсээс өвлөгдөн үлдсэн газрын баялгаасаа шударгаар хувь хүртэх гэсэн жам ёсны эрх юм.

Баялгийн үндсэрхэг үзэл бол дэлхийн геополитикийн тавцанд тоглогдож буй нэгэн ижил найруулгатай, түүхэн зүй тогтол бөгөөд үүнээс жийрхэх шаардлага нэгэнт үгүй болжээ.

Баялгийн национализм нь дараах гурван суурь шинжээрээ ялгардаг:

  • Төрийн бүрэн эрхт байдал: Улс орон нэгэнт олж авсан тусгаар тогтнолынхоо хүрээнд баялгийн асуудлаа шийдвэрлэх.
  • Эдийн засгийн тэгш эрх: Үндэстэн дамнасан корпорацуудтай зөвхөн ашиг хуваах бус, харилцан ашигтай, тэгш нөхцөлөөр харилцах эрмэлзэл.
  • Хяналтын засаглал: Газрын хэвлийн баялаг, түүний олборлолт, борлуулалтын орлогод эзний ёсоор бодит хяналт тогтоох хүсэл.

Латин Америкаас эхтэй энэхүү давлагаа өдгөө Ази, Африкийг хамарч буй төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын гол зарчим болоод байна. Монгол Улсын хувьд энэхүү үзэл баримтлал зөвхөн иргэний нийгмийн хөдөлгөөн байхаа больж, төрийн бодлогын үндсэн чиглэл болон төлөвшиж байна.

Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж чадахгүй л бол Монгол Улс дэлхийн хөгжлөөс илт хоцорно гэх нэг талыг барьсан тайлбарууд хөвөрдөг ч, баялагтаа эзэн суух үзэл хэдийнэ монголчуудын үндэсний ухамсрын салшгүй хэсэг болсон байна. Түүнчлэн монголчууд баялагтаа эзэн суух гэж  оролдохдоо популизм болон хэт үндсэрхэг үзэлтэй нүүр тулж байсан гашуун сургамж ч бас бий. Газрын доорх эрдэс баялгаа ард түмнийхээ сайн сайхны төлөө ухаалаг, шударга зарцуулах нь өнөөгийн төр, засгийн өмнө тулгарч буй түүхэн үүрэг билээ.

2006 онд баталсан 68%-ийн гэнэтийн ашгийн татвар уул уурхайн салбарт том цохилт болсон. Гэвч тус татвар нь цэвэр ашгаас буюу зардлаа хассан орлогоос биш, харин борлуулалтын нийт орлогоос шууд хувь авч байсан нь компаниудыг алдагдалтай ажиллахад хүргэв. Үр дунд нь Монголбанкны алт тушаалт эрс багасаж, алт олборлогчид татвараас зайлсхийн хууль бусаар хилээр гаргах далд эдийн засаг цэцэглэсэн. Шинэ орд илрүүлэх хайгуулын ажил зогсож, хөрөнгө оруулалтын урсгал Чили, Казахстан руу чиглэв. Монгол Улс тоглоомын дүрмээ байнга өөрчилдөг гэх таагүй нэр хаяг зүүж, эцэст нь 2011 онд уг хуулийг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ.

БАЯЛГИЙН НАЦИОНАЛИЗМ БОЛ МЭРГЭЖЛИЙН ЗАСАГЛАЛ ЮМ

Өнөөдөр баялгийн национализм нь зөвхөн Монгол шиг олборлогч орнуудад тохиолддог ойлголт байхаа нэгэнт больсон. Дэлхийн хүчирхэг гүрнүүд стратегийн ашигт малтмалыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг гэж үзэн, нөөц бүрдүүлэх шинэ зарчимд нэгдэж байна.

АНУ-ын танилцуулсан 12 тэрбум долларын "Project Vault" төлөвлөгөө бол үүний тод жишээ. Энэ нь зөвхөн ашиг олох биш, харин цахилгаанжуулалт, батлан хамгаалах, хиймэл оюуны салбарт шаардлагатай газрын ховор элементийн нийлүүлэлтийг Хятадаас хараат бус болгох зорилготой стратегийн хамгаалалт юм. 

Үүнтэй зэрэгцэн Европын Холбоо "RESourceEU" стратегийн хүрээнд Герман, Франц, Итали зэрэг улсуудтай ашигт малтмалын хамтын нөөц бүрдүүлж байна. Австрали улс 800 сая ам.долларын төлөвлөгөөгөөр чухал ашигт малтмалын нөөцөө зузаатгаж байгаа бол, Энэтхэг болон Бразил улсууд нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын монополыг сөрөх зорилгоор стратегийн түншлэлээ зарлалаа.

Өмнө нь ашигт малтмалын нөөцийг зөвхөн үнийн хэлбэлзлээс сэргийлэх бамбай гэж үздэг байсан бол өнөөдөр энэ нь аж үйлдвэрийн стратеги ба үндэсний аюулгүй байдлын зэвсэг болон хувирчээ. Хятад улс газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тогтоосон нь дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээ хэчнээн хэврэг болохыг сануулсан.

Энэ хугацаанд, бид баялагтаа эзэн суух гэж оролдохдоо популизмын туйлшрал, эдийн засгийн тэг зогсолт, өр болон өгөөжийн маргаан дундуур туучиж ирсэн бол өнөөдөр баялгийн национализм зөвхөн гудамжинд бариад зогсох лоозон бус, харин хэлэлцээрийн ширээний ард суух мэргэжлийн засаглал болон хувьсаж байна. Дэлхий нийтээрээ стратегийн нөөцийн төлөө улайрч буй энэ цаг үеэс Монгол Улс хоцрох уу, эсвэл баялгаа дэлхийн тоглоомын дүрэмд нийцсэн гол хөзөр болгон атгаж, стратегийн тоглогч болж чадах эсэх нь бидний сонголт.

ХЭТИЙДСЭН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТҮЛХЭХ АЮУЛТАЙ

2012 онд батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль (SEFIL) нь Монголын эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг боомилсон алдаа байлаа. Энэхүү шийдвэр нь баялагтаа эзэн суух нэрээр хөрөнгө оруулалтын орчныг хэт хатуу хяналтаар хязгаарлах нь эдийн засгийн өсөлтийг хэрхэн сааруулж, зах зээлийн итгэлийг алдагдуулж буйн бодит жишээ болон үлдсэн юм.

Хууль батлагдах болсон гол өдөөгч нь Хятадын төрийн өмчит "Чалко" компани Канадын "Саусгоби ресурс"-ийг (Овоот толгойн нүүрсний уурхай) худалдаж авах хэлэлцээр байв.

Нүүрсний гол ордыг хөрш орны төрийн өмчит компани шууд эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэх болгоомжлол упстөрчдийн дунд давамгайлж, ердөө хоёрхон хоногийн дотор энэхүү хуулийг УИХ-аар яаравчлан батлуулсан юм.

SEFIL хуулиар уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл гэсэн гурван гол салбарыг стратегийн гэж онцолж, гадаадын хөрөнгө оруулагч 49%-иас дээш эзэмших тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авах, мөн гадаадын төрийн өмчит компани хувь хэмжээнээс үл хамааран УИХ-аар хэлэлцүүлж зөвшөөрөл авах шаардлагыг тогтоосон.

Хэдийгээр "Чалко"-гийн хэлцлийг зогсоох зорилготой байсан ч энэ хууль олон улсын хөрөнгө оруулагчдад Монголд бизнес эрхлэх нь эрсдэлтэй гэсэн дохио өгсөн юм. Дэлхий нийт Монгол Улсыг тоглоомын дүрмээ байнга өөрчилдөг, улс төрөөс хэт хамааралтай орон гэх дүгнэлтэд хүрсэн.

2011 онд 4.5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал хууль батлагдсанаас хойш ердөө 2 жилийн дотор 500 сая ам.доллар хүртэл буюу 90%-иар огцом унасан юм. Валютын урсгал татарснаар төгрөгийн ханш чөлөөт уналтад орж, инфляц хөөрөгдөн, Монгол Улс эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн гашуун түүх бий.

Засгийн газар алдаагаа хожимдон ухаарч, 2013 оны 10 дугаар сард SEFIL-ийг хүчингүй болгож, Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинээр баталж, "Монгол Улс эргэн нээлттэй боллоо" хэмээн сурталчилсан ч хөрөнгө оруулагчдын итгэл тийм амар сэргэсэнгүй. Засаглалын алдаатай шийдвэр хөрөнгө оруулагчдыг нэг өдрийн дотор үргээж болох ч алдагдсан нэр хүнд, итгэлийг эргүүлэн босгоход тууштай бодлого, цаг хугацаа их зарцуулагддаг ажээ.

Гэвч гадаад ертөнцөд хаалгаа барих нь баялгийн засаглалын зөвхөн нэг тал нь. Удалгүй бодлого тодорхойлогчид анхаарлаа дотоод руу хандуулж, иргэддээ хувь хүртээх томоохон туршилтыг эхлүүлсэн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа юм.

2012 оны сонгуулийн өмнө улс төрийн намууд амласан бэлэн мөнгөө өгч чадахгүйд хүрэхдээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн тодорхой хувийг хувьцаа хэлбэрээр иргэн бүрд үнэгүй эзэмшүүлэв. Олон жил зевхен цаасан дээрх тоо төдий байсан 1072 хувьцаа "амилсан ч яваандаа нүүрсний хулгайн маргаанд орооцолдож, баялгийн өгөөж цөөн хэдэн бүлэглэлд очиж байна гэх иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанид Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) томилж, борлуулалтыг ил тод болгосноор тус компани түүхэн дээд хэмжээнд ашигтай ажиллаж эхэллээ. Үүний үр дүнд иргэн бүр өнгөрсөн жилүүдэд 116,000-350,000 төгрөгийн ногдол ашгийг дансандаа хүлээн авснаар жинхэнэ утгаараа баялагтаа эзэн суух мэдрэмжийг төрүүлсэн гэхэд болно.

Үнэн хэрэгтээ, бэлэн мөнгө тараах нь байгалийн нөөцийн үр өгөөжийг хүртэх цорын ганц хэлбэр биш. Улс орны стратегийн чадамж зөвхөн дотоодын хуваарилалтаар бус, олон улсын хэлэлцээрийн ширээний ард хэрхэн тоглолт хийхээс харагддаг. Үүний хамгийн том сорилт, бодит талбар нь Оюу толгой төсөл.

ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ, ЭРЭГ НЬ УСАА ХАШНА

2009 онд батлагдсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын тал төслийн 34%-ийг эзэмшихээр болсон. Гэвч энэ хувийг эзэмшихийн тулд "Рио Тинто"-гоос авсан зээл нь өндөр хүүтэй, дээр нь далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор хэтэрсэн нь Монголыг хэзээ ч ашиг авахгүй, харин ч 22 тэрбум ам долларын өрөнд унах эрсдэлд хүргэсэн юм.

2018 онд тухай үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн удирдлагуудад төслийн өгөөжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах шаардлагыг анхлан тавьж байв. Гэвч хэлэлцээр амаргүй байлаа. Долоон жилийн дараа буюу 2025 онд энэ асуудал дахин хурцдаж, Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулагч талтай уулзахдаа "Эзэн нь юмаа мадэж, эрэг нь усаа хашдаг" хэмээх алдарт үгээ сануулж, Рио Тинтогийн ирүүлсэн тайлбарууд хангалтгүй байгааг хатуу шүүмжлэв. Түүний хөндсөн дараах асуудлууд Монголын баялгийн национализмын суурь шаардлага болж байна.

Зээлийн хүүгийн шударга бус байдал: Оюу толгойд олгосон зээлийн хүү олон улсын санхүүгийн байгууллагуудын жишгээс 2 дахин өндөр байгаа нь хөрөнгө оруулагч тал хүүгийн зөрүүгээс ашиг хүртэж, Монголын талд зээлийн хүүгийн өрөнд орох шударга бус тогтолцоог бүрдүүлсэн;

Ногдол ашиггүй "хоосон" 34%: Хугацааны тов нь улам бүр алсарч холдох ногдол ашгийн амлалт нь өнөөдөр иргэдийн амьдралд бодит өгөөжгүй. Дээр нь Монголын тал хувьцаа эзэмшигчийн хувиар саналын эрхгүй, хяналт тавих боломжгүй бэлгэдлийн шинжтэй хувь эзэмшил нь баялгийн засаглалын үндсэн зарчимтай зөрчилдөж буй;

Татварын тэгш бус орчин: "Оюу толгой" ХХК "Эрдэнэт" үйлдвэрээс 4 дахин бага АМНАТ төлж байгаа нь баялгийн тэгш хуваарилалтын зарчимд нийцэхгүй байна.

Монгол Улс Оюу толгойн хэлэлцээрийн ширээний ард Рио Тинтотой нүүр тулахдаа ердөө ганц компанийн эсрэг биш, харин дэлхийн баялгийн төлөөх энэхүү шинэ талбарт (Баялгийн национализм 2.0) тоглож байгаагаа ухамсарлах ёстой

Эцсийн дүндээ, жинхэнэ эх оронч үзэл бол баялгаа хэнээс ч харамлаж цоожлох биш, харин тэрхүү баялгийнхаа өгөөж бүрийг ирээдүйн хөгжилд ухаалгаар хөрөнгө оруулах чадвар юм. "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хаших" цаг ирсэн ч, тэрхүү эрэг нь эдийн засгаа боомилох далан биш, харин хөгжил рүү хөтлөх суваг байх ёстой билээ.