
Аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа болон эрчим хүчний нөөцийг бэхжүүлэх зорилгоор ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр (2026.04.23) Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд томилолтын үр дүнгээ танилцууллаа.
ОХУ-тай шатахуун нийлүүлэлтийн зарчмын тохиролцоонд хүрэв
Сайд Г.Дамдинням томилолтынхоо хүрээнд ОХУ-ын Засгийн газрын удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг гардуулан өгсөн юм. Мөн тэрбээр ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газпромнефть” компанийн захирал А.Дюков нартай цуврал уулзалт хийлээ. Уулзалтуудын үр дүнд ОХУ-ын тал манай улсад дотоодын зах зээлийнхээ үнээр түлш, шатахуун нийлүүлэхээ албан ёсоор илэрхийлжээ.
Энэхүү шийдвэрийн ачаар ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг салбарын сайд онцлон тэмдэглэв.
Казахстан улстай нефть нийлүүлэлтийн стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх бодлогын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан улстай газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэх боломжтойгоо илэрхийлэв. Энэхүү алхам нь Монгол Улсын шатахууны хараат бус байдлыг хангах, нийлүүлэлтийн найдвартай сувгийг нэмэгдүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм.