-Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагдлаа-

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зохион байгуулагдаж, компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн үр дүн, засаглалын хэрэгжилтийг хэлэлцэн (2026.04.21) дүгнэлээ.
Хурлаар “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, батлагдсан төсвийн гүйцэтгэл, гүйцэтгэх захирлын ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийн явцыг тус тус хэлэлцэж, өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж үнэлэв.
Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат даргалж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, хүний нөөцийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Лхамжав, “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн болон холбогдох албаны удирдлагууд оролцов.
Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон цаашдын үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа. Тэрээр тайлант хугацаанд компанийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, Үндэсний баялгийн сантай холбоотой хөрөнгө удирдлагын олон улсын туршлага, институтийн зохион байгуулалтын жишиг, мэргэжлийн менежментийн бэлтгэлтэй холбоотой харьцуулсан судалгаа, шинжилгээний ажлыг хийж, холбогдох түвшний хэлэлцүүлэг, шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээлэл, техникийн оролцоогоор дэмжлэг үзүүлэн ажилласныг танилцуулав. Мөн энэ хүрээнд олон улсын баялгийн сангууд, мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, туршлага солилцох хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсэн талаар танилцууллаа.
Түүнчлэн 2025 онд стратегийн ач холбогдол бүхий ордуудтай холбоотой зарим хэлэлцээ, тооцоо, үнэлгээний ажилд мэргэжлийн болон техникийн түвшний дэмжлэг үзүүлэн ажилласан бөгөөд цаашид ч хууль, эрх зүйн хүрээнд хамаарах асуудлаар аналитик үндэслэл, тооцоолол, харьцуулсан мэдээллээр дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллахаа онцоллоо.
Хурлын төгсгөлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Зоригтбат компанийн 2025 оны үйл ажиллагааны үр дүнг “Хангалттай” гэж дүгнэснийг танилцуулж, цаашид мэргэжлийн хөрөнгө удирдлагын бэлтгэл, институтийн чадавх, олон улсын сайн туршлага судлах, харьцуулан нутагшуулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. Мөн стратегийн ордын асуудлаарх хэлэлцээ, шийдвэр гаргалтад шаардлагатай техникийн дэмжлэг үзүүлж буй нь компанийн гүйцэтгэж буй ач холбогдолтой ажлын нэг болохыг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК