Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

БАЯНХӨНДИЙ УУРХАЙ АЛТ ОЛБОРЛОЛТОО ЭРЧИМЖҮҮЛЖ, 42 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАВ

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD; MSE: ERDN; OTCQB: ERDCF) Баянхөндий алтны уурхайн 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус уурхай арилжааны үйлдвэрлэлээ амжилттай эхлүүлж, олборлолт болон баяжуулалтын үзүүлэлтүүд нь ТЭЗҮ-ийн төсөөллөөс давсан байна.

“Эрдэнэ Монгол” ХХК-ийн гардан гүйцэтгэж буй Баянхөндий уурхай 2026 оны эхний гурван сард нийт 151 мянган тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь өдөрт дунджаар 1,675 тонн хүдэр боловсруулсан үзүүлэлт бөгөөд үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын 94 хувьд хүрсэн байна.

Баяжуулах үйлдвэрийн алт авалт дунджаар 96 гаруй хувьтай гарсан нь анхны төсөөлөл болох 93 хувиас өндөр байгаа юм. Улирлын эхэнд уурхайн нэвтрэлтийн ажлын хүрээнд бага агуулгатай хүдэр боловсруулж байсан бол гуравдугаар сараас эхлэн хүдрийн агуулга мэдэгдэхүйц нэмэгдэж, нэг тонноос дунджаар 2.7 грамм алт олборлож эхэлжээ.

Тайлант хугацаанд тус компани:

  • 8,527 унц алт, 3,135 унц мөнгийг зах зээлд нийлүүлж,

  • Нийт 42 сая ам.долларын (57 сая канад доллар) борлуулалтын орлого төвлөрүүлсэн байна.

  • Алтыг нэг унцыг нь дунджаар 4,872 ам.доллароор борлуулжээ.

Үйл ажиллагаа эхэлснээс хойш Баянхөндий уурхай нийт 15,961 унц алт үйлдвэрлээд байгаа бөгөөд энэ улирлын борлуулалт өмнөх үеэс 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци"-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли:

“Баянхөндий уурхай арилжааны үйлдвэрлэлд шилжсэн энэ үед бид төлөвлөсөн хүчин чадлынхаа 90 орчим хувийг ашиглаж, баяжуулах үйлдвэртээ өндөр агуулгатай хүдэр нийлүүлж байна. Мөн энэ улиралд татсан хөрөнгө оруулалтын үр дүнд Хөндий болон Оюутолгойн бүс дэх бусад төслүүдийн хайгуул, техникийн судалгааны ажлуудыг эрчимжүүлэх боломж бүрдлээ” хэмээн онцлов.