
Б.Төгс
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Байгаль орчны менежер Т. Самданжигмэд нар өнөөдөр уурхайн үйл ажиллагааны 2026 оны эхний улирлын тайланг (2026.04.29) танилцууллаа. Мөн ус ашиглалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Оны эхний улиралд гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэ оны эхний улирлын байдлаар тус компани нийт 465.3 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 499.6 мянган тонн баяжмал борлуулсан байна. Баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 53.4%, экспортын хэмжээ 77.2%-иар тус тус нэмэгджээ.
Баяжмал дахь цэвэр металын дүнгээр уурхайгаас нийт 101.6 мян тонн зэс, 123.1 мянган унц (3.8 тн) алт, 615.9 мянган унц мөнгө үйлдвэрлэсэн байна. Ингэснээр уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөө оны эхний улиралд 10%, борлуулалтын орлогын төлөвлөгөө 20%-иар тус тус давж биелсэн үр дүнтэйгээр Оюу толгой компани ажилласнаа ийнхүү тайлагналаа. Тайлант хугацаанд компани 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь бодит гүйцэтгэлээр 2,055 сая ам.доллароор хэмжигдэж, чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ 596 сая ам.долларт хүрчээ.



Баяжуулах үйлдвэрийн болон гүний уурхайн хүдэр тээвэрлэх системийн төлөвлөгөөт засварыг аюулгүй, үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөлгүй амжилттай хийж гүйцэтгэлээ.
Гүний уурхайн Панель 2-ын огтлох түвшний тэсэлгээ, хүдэр олборлох юүлүүр болон хүдэр татах цэгүүдийн бүтээн байгуулалт төлөвлөгөөт хуваариас гүйцэтгэл өндөртэй байсан нь гүний уурхайн олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэснийг онцолжээ.
Уурхайн төлөвлөлтөд “Онтрэ”‑ийн тусгай зөвшөөрөл шилжих хугацаанаас хамааран Панель 1 эсвэл Панель 2‑ын Өмнөд хэсгийн алийг нь ч эхэлж үйлдвэрлэлд оруулах боломжтой байх хувилбаруудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлж байна.
Энэ оны эхний улиралд тус компани нийт 2.2 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хураамж болон бусад төлбөр хэлбэрээр төлжээ. Гэхдээ энэ нь Татварын ерөнхий газраас тус компанид өнгөрсөн хоёрдугаар сард ногдуулсан 1.6 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын актын дүнг оруулж тооцсон дүн юм.
Дотоодын мөнгөн зарцуулалтын тухайд, энэ оны эхний улиралд дотоодын компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 4 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь Оюу толгой өдөрт 43.3 тэрбум төгрөг дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг илтгэнэ.
Эхний улиралд тус компани нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85%-ийг буюу 1.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг дотоодын компаниудаас авчээ.
“Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн байна. Улмаар 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 226 тэрбум төгрөг төлжээ. Мөн 2026 оны нэгдүгээр улиралд ашигласан усныхаа 86.4%-ийг дахин ашигласан бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.45 шоо метр ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм. Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой асуудлаар төлбөр тооцох аргачлалыг Усны газартай хэлэлцэж нэгдсэн зөвшилцөлд хүрэх асуудал хүлээгдэж байна.
“Оюу толгой” үйлдвэрийн лицензийн талбайтай давхацдаг, олон зуун жилийн түүхтэй Ундайн сайрын голдирол нь ил уурхай болон хаягдал чулуулгийн овоолгын нөлөөгөөр гадаргын болон газрын доорх ус уурхай руу алдагдах эрсдэлтэй тулгарсан тул 2013–2014 онд мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэсэгчилсэн тохируулгыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ 2009 оноос эхлүүлсэн Ундайн сайрын хяналтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 109 уст цэгт тогтмол хяналтын хэмжилт хийж, хур бороо элбэг үед улирлын урсац хэвийн үргэлжилж, булаг шандыг тэтгэн, газрын доорх усны түвшин нэмэгддэг байгалийн горим хадгалагдаж байгааг баталгаажуулсан байна. Харин хэсэгчилсэн шилжилтийн үр дүнд “Шинэ бор овоо”-ийн булаг үүсэж, өнөөдөр жилийн турш устай “Говийн баян бүрд” болон, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын ундаалах, амрах чухал экосистемийн хэсэг болжээ.
Мах бэлтгэх үйлдвэр, Ханбогдыг хөгжүүлэх ажлууд тогтвортой хэрэгжиж байна
Оюу толгой компани уурхайн үйлдвэрлэл явуулж буй орон нутагтаа тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаагаа тайланд онцолжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюу толгой” компанийн 18.5 тэрбум төгрөгийн бүрэн санхүүжилттэй “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр”-ийн барилгын ажлыг эхлүүлжээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн бодит үнээр худалдан авах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад экспортын боломж бүрдэх ажээ.
“Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”‑аас 2026 оны санхүүжилтийн квот олгох гэрээг Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Ханбогд, Баян‑Овоо, Цогт‑Овоо, Манлай, Сэврэй сумдын Засаг дарга нартай 2026 оны 4 дүгээр сарын 3‑21‑нд байгуулсан байна. Санхүүжилтийн квотын хүрээнд тухайн сумдын боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн чиглэлийн ашгийн бус төслүүдийг орон нутгийн захиргаагаар дамжуулан сонгон шалгаруулж хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн хүрээнд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвийн тохижилт, ус, дулаан хангамжийн дэд бүтэц, ахмадын өргөө, хог хаягдлын менежмент, иргэдийн аюулгүй орчныг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ онд үргэлжлүүлэн орон нутгийн иргэдийн бодит хэрэгцээнд суурилсан төслүүдийг тогтвортой дэмжих юм.
“Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”‑ийн үйл ажиллагааны хүрээнд Ханбогд сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулах, орон нутгийн эдийн засгийг дэмжих чиглэлээр ажлуудыг энэ оны эхний улиралд гүйцэтгэсэн байна. Ханбогд сумын хөгжлийн Түншлэлийн хорооны VIII хурлаар хот байгуулалт, газар зохион байгуулалт, сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, гурван бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хурдасгуур сангийн жилийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын зарцуулалтын асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нэгдсэн саналд хүрчээ.


Эх сурвалж: "Оюу толгой" ХХК