Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн үзэсгэлэн” 5-р сарын 8-10-нд зохион байгуулагдана

Шинэ эрин үед уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, шинэ бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Хятад–Орос–Монголын олон улсын уул уурхайн тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэн” 2026 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монгол дахь Чилэчуань олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах аж.

Энэхүү арга хэмжээнд төрийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн удирдлагууд, салбарын холбоодын төлөөлөл зэрэг олон талт оролцогчдыг урьж, салбарын хөгжлийн нөхцөл байдлыг шинжлэх, шинэ хөдөлгөгч хүчийг тодорхойлох, хөгжлийн гарцыг эрэлхийлэх, “инновац, хамтын ажиллагаа, хөгжил, харилцан ашиг” зарчимд суурилсан дэлхийн уул уурхайн хамтын ажиллагааны платформыг хамтран бүрдүүлэх юм байна. 

Уг үзэсгэлэнгийн хүрээнд дөрвөн чухал форум зохион байгуулагдахаар товлогджээ. Үүнд, “Хятад–гадаадын уул уурхайн үйлдвэрлэлийн сүлжээний хөгжлийн форум”, “Хятадын Ногоон уурхайн хөгжлийн форум”, “Азийн Ухаалаг уурхайн хөгжлийн форум”, мөн “Уул уурхайн тогтвортой хөгжлийн дэлхийн форум” багтаж байна.

Тус арга хэмжээг Өвөр Монголын Барилгын машин механизмын аж үйлдвэрийн холбоо, Өвөр Монголын Уул уурхайн холбоо, “Zhuokai Exhibition Group” болон “Beijing Zhuokai International Exhibition Service” компаниуд хамтран зохион байгуулах бол Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Оросын Уул уурхайн хороо, Хятадын Уул уурхайн аж үйлдвэрийн холбоо дэмжин оролцох ажээ. Харин зохион байгуулагчаар “Shaanxi Zhuokai Xiangyue Exhibition Service” ажиллаж байна.

Хятадын 20 гаруй төрийн байгууллага, салбарын холбоод оролцох бөгөөд төмрийн хүдэр, өнгөт металлын уурхай, алтны уурхай, газрын ховор элемент, манганы хүдэр, метал бус ашигт малтмал, химийн түүхий эд, цементийн түүхий эд, нүүрсний уурхай зэрэг олон чиглэлийг төлөөлнө. 

ОХУ, Монгол, Казахстан, Тажикстан, Киргизстан, Украин, Польш, Бразил, Чили, Перу, Өмнөд Африк, Энэтхэг, Индонез, Австрали, Канад, АНУ зэрэг 30 гаруй улсаас 3,000 орчим мэргэжлийн төлөөлөгчид оролцохоор байна. Мөн 300 гаруй уул уурхайн зураг төсөл, инженерчлэлийн компани, гэрээт гүйцэтгэгчид хүрэлцэн ирэхээр байгаа аж. 

Vale, BHP, Rio Tinto, Anglo American тэргүүтэй 1,000 гаруй уул уурхайн олборлолт, хөгжүүлэлтийн компани оролцох бөгөөд Caterpillar, Komatsu, Liebherr, Hitachi Construction Machinery зэрэг 1,000 гаруй уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч компани нэг дор цугларах ажээ.