
“Эрдэнэс Монгол” нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн (2026.04.30) баталлаа. Хурлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр даргалан явууллаа. Хурлын эхэнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил болон 2026 оны зорилтын талаар танилцуулав. Хэдийгээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, геополитикийн асуудал үүсэх зэрэг сорилтууд тулгарч байгаа ч сорилтыг боломж болгох, цаашид тулгарч буй сорилтуудын шийдлийн талаар хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд:
-12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.
-3.4 тэрбум долларын экспорт хийж, улсын нийт экспортын орлогын 22%, гадаад валютын нөөцийн 50 орчим хувийг бүрдүүллээ.
-Улсын төсөвт 4.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн нь нийт татварын орлогын 15%-ийг бүрдүүлж байна.
-Цомхон, үр ашигтай бүтцийн шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, удирдлагын орон тоог 32%-иар, нийт орон тоог 10%-иар бууруулж, 2.4 тэрбум төгрөгийн тогтмол хэмнэлт хийв.
-Ирээдүйд үнэ цэн нэмэгдэх, нөөц тогтоогдох боломжтой нэгдлийн 10 чухал ашигт малтмалыг тодорхойлов.
-Стратегийн ач холбогдол бүхий Шивээ Овоо ордын нөөцийг олон улсын ЖОРК стандартын дагуу шинэчлэн тогтоов.
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хариуцлагатай уул уурхай-Ногоон бүс”-ийг байгуулж 510 мянган мод тарьж, ургуулж байна.
-БНСУ-ын Чунбок их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, нарийн мэргэжлийн чиглэлээр нийт 500 мэргэжилтэн бэлтгэхээр болов.
Манай улс дэлхийн бусад орны жишгээр баялгийн менежментийг төрийн өмчит компанийн нэгдсэн удирдлагаар хангаж, холдинг компанийн системээр баялгийн сангаа арвижуулж, одоо болон ирээдүйн иргэддээ өгөөжийг шударгаар хүртээн, стратегийн төслүүдээ хэрэгжүүлж, эдийн засгаа дэмжиж байна. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024-2025 онд нийт 1 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд байна.
Үүнээс Хуримтлалын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөг, 2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 2026 онд 448.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. 2024 онд төвлөрүүлсэн мөнгөн дүнгээс 5291 өрх, 2025 онд 5000 өрхөд орон сууцны ипотекийн зээл олгосон бол 2026 онд нэмж 5000 өрхийг ипотекийн хөтөлбөрт хамруулах гэж байна.
“Эрдэнэс Монгол” нэгдэл 2025 онд эрчим хүчний салбарт томоохон дэмжлэг үзүүлсэн нь төвийн эрчим хүчний системийг түлшээр хангадаг компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан явдал байлаа. Тухайлбал “Багануур” болон “Шивээ-Овоо” компанийн 194.6 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдууллаа.
Мөн Хархорум хотын ногоон бүсэд 538 мянган мод тарьж, ургуулж байна. Геологи хайгуулын стратегиа тодорхойлж, ховор ашигт малтмалын хөтөлбөрөө батлуулсан зэрэг ажлын талаар Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцлов. “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2026 онд орлогоо өсгөж, экспортыг нэмэгдүүлэн, Стратегийн ач холбогдолтой чухал төслүүдээс сорчилж хөдөлгөн, хайгуулын ажлыг эрчимжүүлж, засаглалын шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байгааг Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тайлант хугацаанд гаргасан үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцээд “САЙН” гэж үнэлэн баталлаа. Баялгийн өгөөжийг өрнөөс чөлөөлж, төсөл ордуудыг гацаанаас чөлөөлөх ажлыг “Эрдэнэс Монгол” нэгдэл манлайлан хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Хувьцаа эзэмшигчдэд танилцуулав.
Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК