Т.Бямбанаран
Пүрэв гарагт /2026.04.30/ дэлхийн газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрч, баррель нь 126 ам.доллароос давсан. Гэвч бүс нутагт зөрчил үргэлжилж буй энэ үед олон улсын газрын тосны зах зээлд шинэ “дайн” үүсэх төлөв ажиглагдаж байгаа нь ойрын жилүүдэд зах зээлийн тогтворгүй байдлыг улам өдөөх эрсдэлтэй.
Ойрх Дорнодын мөргөлдөөнийг шийдвэрлэх оролдлогууд мухардалд орж, Ираны тал Ормузын хоолойг үргэлжлүүлэн хааж, АНУ-ын Тэнгисийн цэрэг Ираны түүхий нефтийн экспортыг хязгаарлаж буйтай холбоотойгоор газрын тосны үнэ огцом өсөөд байгаа нь энэ.
Дөрөвдүгээр сард Брент төрлийн нефть баррель нь 111.31 ам.долларт хүрсэн бол West Texas Intermediate (WTI) 105.43 ам.доллар болжээ. Хоёр жишиг үнэ ийнхүү дараалан дөрвөн сар өсөлт үзүүлээд байгаа бөгөөд зөвхөн энэ сард л гэхэд Брент 10.09%, WTI 5.30%-иар тус тус өссөн юм.

АНЭУ ОПЕК-ээс гэнэт гарсан нь газрын тосны үнийн дайныг өдөөх үү?
Персийн булангийн газрын тосны аваргууд болох Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд үүссэн зөрчил нь ирэх жилүүдэд зах зээлийн хэлбэлзлийг улам нэмэгдүүлж болзошгүй байна.
Ойрх Дорнод дахь зөрчилдөөн ОПЕК-ийг газрын тосны дайны “дараагийн хохирогч” болголоо. АНЭУ 60 жилийн дараа газрын тос экспортлогч орнуудын энэ эвслээс гэнэтийн байдлаар гарсан нь энэ байгууллагын хүч, нөлөөг сулруулна гэж судлаачид үзэж байна. Саудын Арабын удирдлага дор ОПЕК олон арван жилийн турш дэлхийн газрын тосны зах зээлийн хэлбэлзлийг намжаахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) нь 1960 онд Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл улсуудын санаачилгаар байгуулагдсан ба гол зорилго нь гишүүн орнуудын үйлдвэрлэлийг уялдуулан зохицуулах замаар орлогыг тогтвортой байлгаж, томоохон экспортлогчдын ашиг сонирхлыг хамгаалах явдал юм. ОПЕК-ийн гишүүн орнууд хэдий хэмжээний газрын тос зах зээлд нийлүүлэхээ тохиролцож, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн хэмжээгээ өөрчилснөөр дэлхийн газрын тосны үнэд нөлөөлөхийг зорьдог.
Гишүүн орнуудын тоо цаг хугацааны явцад өөрчлөгдөж ирсэн бөгөөд 2016 онд ОХУ тэргүүтэй 10 өөр олборлогч улстай нэгдэн илүү өргөн хүрээтэй ОПЕК+ холбоог байгуулсан.
ОПЕК-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2025 онд АНЭУ нь Саудын Араб болон Иракийн дараа дэлхийн гурав дахь том газрын тос экспортлогч орон болжээ. Гэхдээ АНЭУ ОПЕК-ээс гарсан нь зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь сонин. Ормузын хоолой найман долоо хоногийн турш хаалттай байгаа. Тиймээс усан зам хаалттай хэвээр байгаа нөхцөлд АНЭУ ОПЕК-ээс гарсан нь богино хугацаанд газрын тосны экспортод бараг нөлөө үзүүлэхгүй гэж BBC агентлаг мэдээндээ дурджээ.
Бас нэг анхаарал татахуйц зүйл нь ОПЕК урьдын адил их нөлөөтэй байхаа больж байгаа явдал. Тодруулбал, 1970-аад онтой харьцуулахад өнөөдөр дэлхийн газрын тосны зах зээлд үзүүлэх нөлөө нь буурсан. 2025 оны байдлаар ОПЕК дэлхийн түүхий тосны үйлдвэрлэлийн 36.7%-ийг бүрдүүлж байна. Харин 1973 онд 52.5%-ийг эзэлдэг байв. Оронд нь АНУ, Канад, Бразил зэрэг ОПЕК-ийн бус орнууд зах зээлд хүч түрэн орж ирж байгаа. Үүнээс үзвэл, урт хугацаандаа уг байгууллагын байр суурь ганхаж болзошгүй.
Швейцарын хувийн банк болох “Syz Group”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Чарльз-Анри Моншо хэлэхдээ, АНЭУ ОПЕК-ээс гарсан явдал бол “бидний мэдэх ОПЕК-ийн төгсгөл” хэмээн тодорхойлсон. “ОПЕК оршин тогтносоор байх болно, гэхдээ нефтийн үнийг тогтоон барих чадвар нь мэдэгдэхүйц суларна” гэдгийг мөн тодотгов.
Эх сурвалж: The Guardian, BBC