
Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн дэлхийн түүхий эдийн зах зээлийг савлуулсаар байна. Үүний нөлөөгөөр хөнгөн цагааны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй өндөр өсөлтийг үзүүлж, бусад өнгөт металлын үнийг ч мөн чирлээ.
Мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл болон бусад эрсдэлтэй хөрөнгүүдийн ханш өссөнтэй зэрэгцэн хөнгөн цагааны үнэ 1.9%-иар өссөн нь 4-р сарын 13-наас хойших хамгийн өндөр өсөлт болов. Ормузын хоолой дахь хөлөг онгоцнуудын мөргөлдөөн болон АНУ-ын эсрэг пуужингийн цохилтын дараа АНУ-ын тал Ирантай идэвхтэй дайны байдалд эргэн орох магадлалыг бууруулж үзсэн нь үүнд нөлөөлжээ.
Мөн хөнгөн цагааны үнийн өсөлтөд биет зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдол нөлөөлж байна. Ойрх Дорнодын мөргөлдөөн нь дэлхийн нийлүүлэлтийн бараг 10%-ийг бүрдүүлдэг тус бүс нутгаас металл тээвэрлэх үйл явцад саад учруулж байгаа юм. Түүнчлэн 3-р сарын сүүлээр тус бүс нутгийн хамгийн том хоёр хайлшны үйлдвэр Ираны дрон болон пуужингийн халдлагад өртсөн нь нийлүүлэлтийн төлөвийг улам дордуулсан бөгөөд үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь дахин ажиллуулахад тодорхой хугацаа шаардлагатай байна.
2-р сарын сүүлчээр дайн эхэлснээс хойш энэхүү металлын үнэ нийт 14%-иар өсөөд байна.
Лондоны Металлын бирж дээр хөнгөн цагааны үнэ нэг тонн нь 3,589.50 ам.долларт хүрч хаагдсан нь 4-р сарын 24-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн зэсийн үнэ 1%, цайрын үнэ 0.8%-иар тус тус өсжээ.
Эх сурвалж: mining.com