
PT Freeport Indonesia компани Грасберг уурхайн бүрэн хүчин чадлыг сэргээх хугацаа хойшлогдсоныг албан ёсоор баталлаа. Тус уурхай нь өнгөрсөн жил гарсан, дэлхийн зэсийн нийлүүлэлтийн сүлжээнд хүчтэй нөлөөлсөн үхэлд хүргэхүйц ослын дараах сэргээн босголтын шатандаа явж байгаа юм.
Пүрэв гарагт (2026.05.07) хийсэн мэдэгдэлдээ, Төв Папуа мужид байрлах энэхүү аварга том уурхайг 2028 оны эхээр бүрэн хүчин чадалд нь хүргэхээр төлөвлөж байгаагаа дурджээ. Өмнө нь тус компани 2027 оны эцэс гэхэд бүрэн сэргээх зорилт тавиад байсан юм.
Фрипорт компанийн төлөөлөгч "Reuters" агентлагт өгсөн ярилцлагадаа, есдүгээр сард болсон хүчтэй шавар нурангид өртсөн далд уурхайн ложистик болон хүдэр боловсруулах дэд бүтцийн нэмэлт ажлуудаас шалтгаалан ийнхүү хугацаа хойшилсныг тайлбарлав..
Тус зогсолт нь дэлхийн зэсийн зах зээлд томоохон дарамт болсон бөгөөд Грасберг уурхай нь тухайн үед:
Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 3%-ийг бүрдүүлж байсан (жил бүр 1.7 сая фунт зэс).
Жилд 1.4 сая унц алт олборлодог томоохон үйлдвэрлэгч юм.
Үйлдвэрлэлийн сэргэлт удааширч байна
Freeport компани сэргээн босголтын хүрээнд нурангид өртөөгүй хэсгүүдээс эхлэн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээх төлөвлөгөө гаргасан. "Deep Mill Level Zone" болон "Big Gossan" далд уурхайнууд өнгөрсөн жил ажиллаж эхэлсэн бол "GBC"-ийн зарим хэсэг өнгөрсөн сард нээгдсэн байна.
Анхны төлөвлөгөөгөөр энэ оны дунд үе гэхэд хүчин чадлаа 85%, 2027 оны эцэс гэхэд 100%-д хүргэхээр зорьж байсан. Гэвч хамгийн сүүлийн үеийн тайлангаас үзвэл бүрэн хүчин чадалд хүрэх явц мэдэгдэхүйц удааширч, шинэчилсэн зорилтоор:
2026 оны хоёрдугаар хагас: Хүчин чадлын 65%
2027 оны дунд үе: Хүчин чадлын 80%
2027 оны эцэс: Бүрэн хүчин чадалд дөхөх
2028 оны эх: Бүрэн хүчин чадлыг сэргээх
Үйлдвэрлэлийн таамаг буурав
Тус компанийн гүйцэтгэх захирал Тони Венас Пүрэв гарагийн хэвлэлийн мэдээнд "Одоогийн байдлаар үйлдвэрлэл 40-50 орчим хувьтай байна. Компани 2028 оны эхээр бүрэн хүчин чадлаараа ажиллахаар зорьж байна" гэж мэдэгдэв.
Хугацаа хойшлогдсоны улмаас Грасберг уурхай энэ жил 700,000 фунт зэс олборлоно гэж тооцоолж байгаа нь өмнөх дөрөвдүгээр улирлын тайланд дурдаж байсан 1 тэрбум фунтын зорилтоос багассан үзүүлэлт юм.
Оны эхээр Freeport-McMoRan (NYSE: FCX) нэгж нь Индонезийн засгийн газартай үйл ажиллагаа явуулах эрхээ нөөц дуусах хүртэл сунгах хэлэлцээрт хүрсэн билээ.
mining.com