Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ

Credit: Монгол Улсын Засгийн газар

Т.Бямбанаран

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.11/ стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзав. Тус уулзалтаар Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Хуулийн төслийг стратегийн орд эзэмшигчид болох Энержи ресурс ХХК, Ачит Ихт ХХК, МАК ХХК зэрэг хүрэлцэн ирсэн компанийн удирдлагууд бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Хуулийн цар хүрээ:

  • Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөж гэдэгт юу хамаарахыг тодорхой болгоно.
  • Үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээнэ.
  • Үр өгөөж 60 хувиас буурсан тохиолдолд тохируулагч төлбөр төлнө.
  • Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулна.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ:

“Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байна. УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгнө” гэсэн юм.

Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтооно. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол, иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоотой.

Хэрвээ орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах эрсдэлтэй. Тиймээс нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэлээ.

2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна. E-Mongolia-д байршсан “Чингис хаан” Үндэсний Баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178 мянган төгрөг, 2025 онд 306 мянган төгрөг болсон. 2026 онд 500 мянган төгрөг болохоор байна.