
Б.Төгс
Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциациас зохион байгуулдаг "Цемент экспо" хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ хоёр дахь удаагаа (2026.05.08) боллоо. Энэ удаагийн "Цемент экспо 2026" нь "Тогтвортой өсөлт: Үйлдвэрлэл ба логистикийг холбох нь" сэдвийн дор зохиогдлоо. Уг арга хэмжээнд төр засгийн холбогдох төлөөллүүд, салбарын хувийн хэвшлийнхэн болон бусад төлөөлөл оролцож ложистик, ногоон шийдлийн талаар илтгэл танилцуулж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хурлаар цемент үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэхээсээ илүү тээвэр ложистикийн асуудал хүндхэн сорилт болон хувирсан нь хэн бүхэнд маш тодорхой байв. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгаруулалт багатай шийдлийг цемент үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх ажил нэлээд эрчимтэй өрнөх болсон нь илтгэл, хэлэлцүүлгээс илэрхий ойлгогдож байлаа. Товчхондоо тээвэр ложистик, ногоон цемент гэсэн асуудлыг энэ удаагийн экспо дээр онцгойлон ярилаа.
Хурлын нээлтэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан оролцож салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр "Энэ удаагийн арга хэмжээ нь Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ хот төлөвлөлтүүд, аж үйлдвэржилтийн том төсөл эхлүүлж буй энэ түүхэн цаг үетэй давхцаж буйгаараа ихээхэн онцлогтой болж байна...Бид дараагийн 100 жилийн хөгжлийн түүхээ бүтээхээр ажиллаж байгаадаа баяртай байна. Барилгын салбар нь институцын хувьд бэхжиж, эдийн засгийн агуулгаараа 100 гаруй мянган ажлын байрыг бүрдүүлж, 2025 оны гүйцэтгэлээр 11.7 их наяд төгрөгт хүрч өсөж, эдийн засгийн тулгуур болон хөгжсөн байна” гэв.
Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ хотууд, эрчим хүч, авто зам, төмөр зам, эрчим хүч, ган хайлуулах үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн томоохон төслийг дагасан барилгын материалын томоохон эрэлт бий болох нь дамжиггүй. Үүнд барилгын материал үйлдвэрлэгч нарын оролцоо нэн чухал хэмээн тэрбээр ярилаа.
Монголын цемент үйлдвэрлэгчдийн ассоциацийн тэргүүн Н.Мөнхнасан: Манай улс арваадхан жилийн өмнө импортын цементээс 80-90 хувийн хамааралтай, чанар стандартын хувьд тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. Харин өнөөдөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц хүчин чадалтай үйлдвэрүүдтэй болж, олон улсын стандартад нийцсэн төрөл бүрийн цементийг эх орондоо үйлдвэрлэж байна. Гэвч манай салбарт бэрхшээл, хамтран шийдвэрлэх асуудал байсаар байна. Одоогоор бид дан үйлдвэрлэлээс гадна, төмөр зам, авто зам, агуулах түгээлтийн уялдаа бүхий цогц ложистикийн тогтолцоог нэмэлтээр авч явж, дээр нь хөдлөх бүрэлдэхүүн төмөр замын технологид хөрөнгө оруулж тэдгээрийн өдөр тутмын уялдаа холбоог зохион байгуулах ажлыг давхар хийж байна. Иймд цементийн салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах буюу тээвэр ложистикийн оновчтой шийдэл, төрөөс барьж буй бодлоготой уялдан ажиллах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход үүсч буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх нь чухал байна. Хоёр дахь зорилт нь байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, дэвшилтэт технологид суурилсан ногоон цементийн талаар олон улсын салбарын экспертүүдтэй ярилцах юм. Монгол улсад эдийн засгийг цаашид төрөлжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буйн зэрэгцээ аж үйлдвэржилтийн бодлогоо цогцоор хөгжүүлэх, түүнд үүсч буй асуудлыг шийдвэрлэх цаг нэгэнт ирсэн байна” гэв.
"Монцемент билдинг материалс" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун “Цемент үйлдвэрлэлийн хөгжил, нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьсан нь ложистикийн нөхцөл байдлыг илүү тодруулж өгсөн.
Өнөөгийн байдлаар нийт долоон үйлдвэр цементийн салбарт ажиллаж байгаа бөгөөд нийт хүчин чадал 4.5 сая тоннд хүрсэн байна. Барилгын салбарын эрэлт ч хурдацтай тэлж байна. Гэхдээ цементийн үнэ ханшид хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Сүүлийн 11 жилийн хугацаанд дизель түлшнээс авахуулаад төмөр замын тариф, эрчим хүч гээд бусад бүх юмсын үнэ 100-183 хувь өсөөд байна. Статистик тоон мэдээгээр, 2025 оны эцсээр манай улсын дотоодын зах зээлийн эрэлтийн багтаамж 2.7 сая тоннд хүрээд байна. Эндээс 93%-ийг дотоодын үндэсний үйлдвэрүүд хангаж чадсан бол импортоор даруй 198 мянган тонныг оруулж ирсэн байна. Яагаад бид импортоор цемент авсаар байна вэ? Учир нь ложистикийн асуудал хүндрэлтэй байгаа нь ийнхүү дотоодын цементийг хэрэгцээт цэгт нь аваачих нөхцөлийг хязгаарлаж байгааг тэрбээр онцоллоо. Хэрэглэгчдийн тухайд заримдаа хугацаандаа бараагаа авч чадахгүй байна гэсэн гомдол мэдүүлдэг ажээ. Гэвч уг асуудал нь цаанаа төмөр зам дээр ачаа боловсруулах чадамж нь манай улсад хараахан хангалттай хэмжээнд сайжирч чадахгүй байгаатай шууд холбоотой байдаг. Үйлдвэрлэл нь хөгжөөд байгаа хэр нь ложистик дээрээ гацаад байвал эдийн засгийн хөгжил тэр хэрээр удааширна хэмээн тэрбээр ярилаа.
Түүнчлэн “Цемент экспо 2026”-ийн хэлэлцүүлгийн үеэр цемент үйлдвэрлэгч “Налгар түшиг” компанийн Ерөнхий захирал Ж.Батбаяр авто тээврийн зардал нь цемент үйлдвэрлэлийн түүхий эдийн худалдан авалтын зардлаасаа хавьгүй өндөр давж гараад буйг хэллээ. Аливаа үйлдвэрлэл эрхлэхэд түүхий эдийн зардал үндсэн суурь гол зардал болж явдаг бол манай улсын тухайд ийм өвөрмөц үзэгдэл үүсжээ. Учир нь манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зохицуулалтаар автотээврийн цэвэр ачааны жинг 25 тонноос хэтрүүлэхгүй байхаар заасан нь цемент үйлдвэрлэгчдийн тээврийн зардлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлжээ. Гэхдээ Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн түлш шатахууны үнэ өсөөд буй энэ нөхцөлд бүтээн байгуулалтын ид улиралд буюу тавдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын дунд хүртэл 56-60 тонн ачаа тээвэрлэхийг барилгын материал үйлдвэрлэгчдэд зөвшөөрөх түр зохицуулалтыг хийхээр болсон байна. Энэ тухай Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан дуулгалаа. Цаашид тусгай зориулалтын авто замууд эхнээсээ ашиглалтад орвол үүсээд буй хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж буйгаа Э.Мөнхнасан дарга ярилаа.
Тээвэр ложистикийн хүрээнд хурлын илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөснөөс гадна геополитикийн хүндрэл, эрсдэл болон ногоон цементийн асуудлыг хамарсан ихээхэн цогц, сонирхолтой хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээ болж өндөрлөлөө.