Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ: БНХАУ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Т.Бямбанаран

Дэлхийн стратегийн газрын тосны нөөц нь улс орнууд эрчим хүчний хямрал болон геополитикийн тодорхойгүй байдал нүүрлэхэд хэр зэрэг бэлтгэлтэй байгааг илтгэх хамгийн тод үзүүлэлтүүдийн нэг юм. Эдгээр стратегийн нөөц нь дайн, хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, эсвэл зах зээлийн доголдлын үед дотоодын шатахууны хангамжийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Ормузын хоолой хаагдсаны дараа дэлхийн орчин үеийн түүхэн дэх эрчим хүчний нийлүүлэлтийн хамгийн том доголдол үүсээд байгаа. Энэ нь дэлхийн түлшний зах зээл болон шатахууны үнэд асар хүчтэй дарамт учруулаад байгаа билээ.

Энэхүү инфографик нь АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албанаас гаргасан судалгаанд үндэслэн газрын дээрх агуулахуудад хадгалагдаж буй стратегийн газрын тосны нөөц ямар улсуудад ихээр төвлөрч буйг харуулжээ. Мөн дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдахад аль улс орнууд бэлэн байдалд байгааг дүрсэлсэн байна.

БНХАУ-ын газрын тосны нөөц энэхүү жагсаалтын хамгийн онцгой үзүүлэлт юм. Ойролцоогоор 1.4 тэрбум баррельд хүрсэн тус улсын стратегийн нөөц нь АНУ, Япон, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад хамаарах Европын орнууд, Саудын Араб, Өмнөд Солонгос, Иран, Арабын Нэгдсэн Эмират болон Энэтхэг зэрэг орнуудын стратегийн газрын тосны нөөцийг нийлүүлснээс ч давж байна.

Өнөөдрийн байдлаар дээр дурдсан улс орнуудын түүхий нефтийн нийт хэмжээ нь дэлхий дахины газрын тосны нийт нөөцийн ойролцоогоор 70%-ийг бүрдүүлж байна.

АНУ 413 сая баррель түүхий нефтийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бол Япон улс 263 сая баррель нөөцөөр гуравдугаарт эрэмбэлэгджээ. Тус улс дотоодын эрчим хүчний нөөц багатай, бараг бүх түүхий газрын тосоо импортоор авдаг учир их хэмжээний нөөц бүрдүүлэх нь тус улсын үндэсний тэргүүлэх зорилт байсаар иржээ. 

Дэлхийн газрын тосны эрэлт тогтвортой хэвээр, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байгаа энэ үед олон улс орон ирээдүйн нийлүүлэлтийн доголдлоос өөрсдийгөө хамгаалахын тулд стратегийн нөөц, хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлж буй.

Түүхэндээ хэд хэдэн удаа газрын тосны хямрал нүүрлэж байсан. Тэдгээрийн нэг нь 1973–1974 оны газрын тосны хямрал юм. Энэ нь томоохон үйлдвэрлэгч орнуудын хэрэгжүүлсэн газрын тосны хориг арга хэмжээний улмаас үүсэж, дэлхийн газрын тосны үнэ 300%-иар өсөхөд хүргэсэн. Уг хямрал нь тухайн үед аж үйлдвэржсэн улс орнууд газрын тосны импортоос хэчнээн их хамааралтай байсныг тод харуулсан. 

Үүний хариуд Олон улсын эрчим хүчний агентлаг байгуулагдсан бөгөөд тус байгууллагын гол зорилтуудын нэг нь гишүүн орнуудад стратегийн газрын тосны нөөц бүрдүүлж, ирээдүйн нийлүүлэлтийн доголдлын нөлөөг бууруулах явдал байв.

1974 оноос хойш геополитикийн хурцадмал байдал, дайн, байгалийн гамшиг болон дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралаас үүдэн нийт зургаан удаа газрын тосны нийлүүлэлт ихээр тасалдаж, улс орнууд стратегийн газрын тосны нөөцөө ашиглаж байжээ. Тухайлбал, 1991 онд Персийн булангийн дайны өмнөх хурцадмал байдлын үед улс орнууд стратегийн нөөцөөсөө гаргасан байдаг. Мөн 2005 онд Катрина болон Рита хар салхи Мексикийн булангийн газрын тосны байгууламжид хохирол учруулсны дараа, 2011 онд Ливийн иргэний дайны улмаас газрын тосны нийлүүлэлт удаан хугацаанд доголдсоны хариуд, 2022 онд Орос-Украйны дайн эхэлсний дараа тус тус түүхий нефтийн нөөцөө ашиглажээ. Харин энэ онд АНУ-Ираны дайнаас үүдэн Ормузын хоолой хаагдсанаар газрын тосны далайн тээвэрлэлт тасалдаж, улс орнууд өөрсдийн хадгалсан нефтээ гаргахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Эх сурвалж: АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба, Visual Capitalist