Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ 10 ЗЭСИЙН УУРХАЙН НЭГЭЭР ТОДОРЛОО

Т.Бямбанаран

Дэлхийд зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч шилдэг 10 уурхайн нэгээр Монгол Улсын Өмнөговь аймгийн нутагт орших Оюу толгойн зэсийн уурхай тодорлоо. “Оюу толгой” компанийн 2025 оны дөрөвдүгээр улирлын тайланд дурдсанаар зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61%, алтны үйлдвэрлэл 121%-иар тус тус өсжээ. Эдгээр үзүүлэлт нь ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэн, цаашлаад томоохон дэд бүтцүүд болох гүний уурхайн Хоёрдугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн Тавдугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэргийн бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулсантай холбоотой аж.

Өнгөрсөн онд олон улсын зэсийн зах зээл хамгийн өсөлттэй байсан гэхэд хилсдэхгүй. Өмнөх онд зэсийн үнэ 40%-иар өсөхөд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн. Үүнд, АНУ-аас аж үйлдвэрийн металлуудад тариф ногдуулсан, зэсийг стратегийн ач холбогдол бүхий критикал минерал хэмээн үнэлсэн, мөн дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэг нь нөлөөлжээ.

Энэ өсөлт 2026 онд ч үргэлжилж, хиймэл оюун ухааны хөгжлөөс үүдэн зэсийн эрэлт огцом нэмэгдэж, нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй тул зэсийн үнэ нэгдүгээр сард тонн нь 14,500 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ. Энэ долоо хоногт ч тус металлын үнэ шинэ дээд амжилтад ойртож ирээд байна.

Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан уул уурхайн зардал нэмэгдэхийн зэрэгцээ дэлхийн зэс үйлдвэрлэлийн тавны нэгт хэрэглэдэг хүхрийн хүчлийн хомсдол үүсэж буй нь зэсийн үнийг өсгөх өөр нэг хүчин зүйл юм.

Мөн нийлүүлэлтийн талын доголдлууд үргэлжилж буйтай холбоотойгоор зэсийн үнэ дахин өснө гэсэн өөдрөг төсөөллийг Голдман Сакс дэвшүүлээд байгаа. “Олон улсын зэсийн судалгааны групп” зах зээлд зэсийн илүүдэл үүснэ хэмээн таамаглаж байсан бол үүнийгээ бүрэн цуцалсан. Харин эсрэгээрээ 2026 онд зэсийн зах зээл 150 мянган тонны нийлүүлэлтийн хомсдолд орно гэж шинэчилсэн таамаг дэвшүүлжээ.

ТОП 10 зэсийн уурхай нийлээд 2025 онд дэлхийн нийт олборлосон зэсийн үйлдвэрлэлийн тавны нэгээс илүү хувийг бүрдүүлж, нийтдээ 4.9 сая тонн зэс үйлдвэрлэсэн аж.

Нэг анхаарал татахуйц зүйл нь “Codelco” компанийн нэг ч уурхай энэхүү жагсаалтад багтаагүй байна.

Өнгөрсөн жилийн жишээнээс харахад “Grasberg” уурхай болон Камоа-Какула зэсийн цогцолборт гарсан ослын улмаас зах зээлээс хэдэн зуун мянган тонн зэсийн нийлүүлэлт хасагдсан. Тиймээс томоохон уурхайд гарсан доголдол, үйлдвэрлэлийн осол зэсийн үнэд асар хүчтэй нөлөө үзүүлж болохыг тод харуулсан юм. Дараах жагсаалтаар дэлхийд зэсийн олборлолтоор тэргүүлэгч 10 уурхайг танилцуулж байна. 

“Escondida” уурхай нь 2025 онд 1,347.6 мянган тонн зэс үйлдвэрлэснээр дэлхийн хамгийн том зэсийн уурхайн байр сууриа хадгаллаа. Чили улсад байрлах энэхүү уурхай Рио Тинто, BHP, Mitsubishi болон JX Advanced Metals компаниудын хамтарсан төсөл юм. “Escondida” уурхай олон жилийн турш дэлхийн хамгийн том зэсийн уурхайгаар тодорсон бөгөөд BHP группийн гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болсон есөн сарын үйл ажиллагааны тайланд дурдсанаар олборлосон хүдрийн хэмжээ болон баяжуулах үйлдвэрийн боловсруулалтын хүчин чадал түүхэн дээд түвшинд хүрчээ.

Жагсаалтын удаах байранд бичигдэх “Grasberg” уурхай 2025 онд 460.4 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Индонезид байрлах уг уурхай Freeport-McMoRan болон Индонезийн төрийн өмчит Persero компанийн хамтарсан эзэмшилд байдаг бөгөөд үйл ажиллагааг Freeport компани хариуцан явуулдаг. Тус компани өнгөрсөн жил гарсан хүний амь эрсэдсэн хөрсний гулгалтын нөлөөнөөс бүрэн гарч амжаагүй байгаа ба тэрхүү ослын үеэр 800 мянган тонн шавар, хөрс нуран урссан юм. Freeport компани Төв Папуа муж дахь энэхүү аварга уурхайн цогцолборыг 2028 оны эхээр бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж эхэлнэ гэж үзэж байна.

“Las Bambas” уурхай 2025 онд 411.3 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Перуд байрлах энэхүү уурхай Хятадын MMG, CITIC болон Pagoda Tree Investment компанийн хамтарсан эзэмшилд байдаг. Тус уурхай 2024 онд олон удаагийн эсэргүүцлийн жагсаал, зам хаалтын улмаас үйл ажиллагааны хүндрэлтэй тулгарсан ч 2025 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилжээ.

“Buenavista del Cobre” уурхай 2025 онд 409.4 мянган тонн зэс үйлдвэрлэснээр энэ жилийн жагсаалтад дөрөвдүгээр байрт бичигдэв. Энэхүү уурхай нь Southern Copper компанийн эзэмшилд байдаг. Олон жилийн түүхтэй уг ордод 1899 оноос хойш зэс олборлож байгаа бөгөөд Мексикийн хамгийн урт настай, томоохон уурхайн төслүүдийн нэгт тооцогддог.

“Collahuasi” уурхай өмнөх онд 404.1 мянган тонн зэс үйлдвэрлэсэн. Чилид байрлах энэхүү уурхай нь Glencore, Anglo American болон Mitsui компанийн хамтарсан төсөл юм. Энэ оны дөрөвдүгээр сард тус уурхайн гэрээт гүйцэтгэгчид далайн эргийн Пунта Патаче хотоос далайн түвшнээс дээш 4,400 гаруй метр өндөрт орших “Ujina” орд хүртэл ус дамжуулах системийн бүтээн байгуулалтыг дуусгажээ. Энэ нь 1 тэрбум ам.долларын дэд бүтцийн шинэчлэлийн төслийн нэг хэсэг юм.

“KGHM Polska Miedź” компани 2025 онд 401.1 мянган тонн зэс үйлдвэрлэснээр жагсаалтын зургаадугаарт бичигдэв. Өнгөрсөн сард “KGHM” компани Польш дахь хайлуулах үйлдвэрүүддээ ойрхон хүдэр нийлүүлэх зорилгоор Европ болон Мароккод уурхайн хөрөнгө оруулалт хийхээр судалж байгаагаа мэдэгдсэн. Мөн тус компани мөнгөний уурхайн дэлхийн чансаанд нэгдүгээр байр эзэлсэн байна.

Эх сурвалж: mining.com