
Б.Төгс
Дэлхийн коксжих нүүрсний экспортын зах зээлд хамгийн том тоглогч болох Австралийн нийлүүлэлт дөрөвдүгээр сард 12.5 сая тоннд хүрч өмнөх сараасаа 11%, өмнөх оны мөн үеэс 20% өсжээ. Үүнд Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Солонгосын худалдан авалтын өсөлт голлон нөлөөлсөн байна.
Харин энэ оны эхний улиралд Австралийн коксжих нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийнхээс 2%-иар буурч 33.38 сая тоннд хүрсэн байна. Ийнхүү экспорт буурахад борооны улирлын нөлөөгөөр тээвэрлэлтэд хүндрэл үүссэн нь нийлүүлэлт тасалдахад хүргэжээ. Харин гурав, дөрөвдүгээр сард тээвэрлэлт хэвийн горимд шилжсэн. Гэсэн ч Азийн улс орнуудын ган үйлдвэрлэлийн салбарт татан авалт харьцангуй сул байгаа хандлага давамгайлсан хэвээр байна. Зах зээлийн тогтворгүй байдал болон Ойрх Дорнодын хурцадмал байдал нь тээвэрлэлтийн зардлыг нэмэгдүүлж буй нь татан авалт саарахад нөлөөлжээ.
Австралийн хувьд Хятад руу хийх коксжих нүүрсний экспорт нь харьцангуй бууралттай байгаа бол Япон, Өмнөд Солонгос зэрэг улс руу хийх нийлүүлэлт нь өсөх дүр зураг тодорч байна.