
Ч.Сансар
Энэтхэг, Орос улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах урьдчилсан гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа гэж уг асуудлыг сайн мэддэг хоёр эх сурвалж мэдээллээ. Гэрээний хүрээнд талууд литий болон газрын ховор элементийн хайгуул, боловсруулалт, технологийн чиглэлээр хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байгаа. Гэрээг хоёр сарын дотор байгуулж магадгүй юм байна.
Энэтхэг улс Хятадаас хараат байдлаа бууруулж, эрчим хүчний шилжилт болон дэд бүтцийн хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа.
Шинэ Дели Аргентин, Австрали, Япон улсуудтай критикал минералын гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн Перу, Чили улсуудтай чухал ашигт малтмалын асуудлыг багтаасан өргөн хүрээтэй хоёр талын гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа.
Гэсэн хэдий ч Энэтхэг улс олон улсын чухал ашигт малтмалын төслүүдийг төдийлөн амжилттай хэрэгжүүлж чадахгүй байна. Одоогоор зөвхөн Аргентинд литийн хайгуул, олборлолтын гэрээ байгуулжээ.
Хэрэв Малид улс төрийн байдал тогтворжвол Энэтхэг улс ОХУ-ын Росатом корпорацын Мали дахь литийн хайгуулын төсөлд дахин оролцож магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Шинэ Дели энэ жил Герман, Бразил, Канад зэрэг орнуудтай технологи солилцох, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.
2023 онд Энэтхэг улс литий зэрэг 20 гаруй критикал минералыг эрчим хүчний шилжилт болон аж үйлдвэр, дэд бүтцийн хэрэгцээнд чухал ач холбогдолтой гэж тодорхойлсон.
Эх сурвалж: Ройтерс агентлаг