Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

ОНТРЭГИЙН ТАЛБАЙГ ХЭЗЭЭ АШИГЛАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

А.Халиун

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан. Уг гэрээнд Оюутолгойн бүлэг ордыг бүрдүүлдэг таван тусгай зөвшөөрлийн талбайг тусгасан ч Жавхлант, Шивээтолгой нэртэй тусгай зөвшөөрлийн талбай нь Канадын хөрөнгө оруулалттай "Онтрэ” ХХК-ийн эзэмшилд байна. Энэхүү хоёр тусгай зөвшөөрлийн талбай дахь баялаг нь Оюутолгойн тусгай зөвшөөрлийн талбайтай геологийн хувьд нэгэн цул чулуулаг, тасралтгүй үргэлжлэх зэс, алтны ордыг бүрдүүлэх учир тусгай зөвшөөрлийн эзэмшлээр нь Оюутолгойнх, Онтрэгийнх гэж салган авч үзэх, тусад нь олборлох боломжгүйг энэ хоёр компани хэдийнэ ойлгосон юм билээ.

Бүлэг ордын хүдрийн нөөцийн 32% нь "Онтрэ"-гийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаардаг.

Онтрэгийн талбай дахь хүдрийн нийт нөөц нь 2 тэрбум тонн орчим, үүнийг нарийвчилж үзвэл 24% буюу 10.3 сая тонн зэсийн нөөцтэй, нийт нөөцийн 41% нь буюу 759 тонн алт, 28% буюу мөнгөний 3300 тонн нөөц тогтоогдсон гэж АҮЭБЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн 2025 оны 9 дүгээр сард УИХ-аас байгуулагдсан Түр хорооны хуралдааны үеэр танилцуулж байв.

Оюутолгой үйлдвэр тусгай зөвшөөрөлтэй талбайгаа 4 бүс буюу панелуудад хуваан олборлолт явуулж байна. 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноос хойш сүүлийн жилүүдэд Панел-1-д олборлолтын ажлыг эхлүүлжээ. Панел 1 дэх тусгай зөвшөөрөлтэй талбайн нэг тал нь Оюутолгой, нөгөө тал нь Онтрэгийн мэдлийнх. Оюутолгой тус хэсгийн өөрийн эзэмшлийн талбайд олборлолт явуулж дуусаад "Онтрэ" компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд тулсан учир энэ хэсгийн ажлаа түр зогсоохоос аргагүй болжээ.

Бусдын мэдлийн талбайд нэвтрэхийн тулд талууд хэлэлцээ хийж, энгийнээр хэлбэл хэн нь хэдийг авахаа тохиролцох учиртай. Энэ нь зөвхөн "Оюутолгой", "Онтрэ" компани хоорондоо хэлэлцээд шийдэх асуудал биш.

"...Байгалийн баялаг нь ард түмний мэдэлд байх ба төрийн хамгаалалтад байна" гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг хангах үүднээс Засгийн газар хэлэлцээрийн талуудын зонхилох хэсэг, гол оролцогч нь болно.

Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Онтрэгийн тусгай зөвшөөрөлтэй дээрх талбайн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шаардлагатай. Энэ асуудлаар УИХ-аас тодорхой шийдвэр гараагүй байгаа хэдий ч "Онтрэ" ХХК-тай шинээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улсын Засгийн газарт ногдох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүн илэрхийлсэн байдаг.

"Онтрэ” компани тусгай зөвшөөрөлтэй талбайнхаа эдийн засгийн үр ашгийн 34%-ийг Монгол Улсын Засгийн газарт олгоход бэлэн гэдгээ аль 2023 онд Засгийн газрын төлөөлөлтэй уулзах үеэр мэдэгдсэн ба одоо ч уг байр сууриндаа хэвээр гэдгээ 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болсон нээлттэй сонсголын үеэр "Онтрэ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стивен Скотт илэрхийлсэн. /"Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсгол 2025 оны 12 дугаар сарын 8, 10, 12-ны өдөр болсон/

"Жавхлант, Шивээтолгойн тусгай зөвшөөрлийн талбайг Оюутолгойн орд газраас тусад нь олборловол эдийн засгийн үр өгөөжгүй" гэдгийг Онтрэгийн удирдлагууд хүлээн зөвшөөрсөн билээ.

Бүлэг ордын нөөцийг бүрэн ашиглах, хувь нийлүүлэгчдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Жавхлант, Шивээтолгой тусгай зөвшөөрөлтэй талбай дахь хүдрийг олборлох нь чухал. Тиймээс өнгөрсөн хугацаанд Оюутолгой зүгээр суугаагүй. "Онтрэ" компанитай хэлэлцээ хийж, гэрээний нөхцөлүүдийг сайжруулан ТУЗ-дөө 2023 оны 3 дугаар сард өргөн барьсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй.

Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлд онцгой нөлөөтэй энэ хоёр талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх асуудал удааширсан тул "Оюутолгой" компани 2025 оны 6 дугаар сард уулын ажлын төлөвлөлтдөө өөрчлөлт оруулахаас аргагүйд хүрчээ.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд тус бүлэг ордыг бүрдүүлдэг таван тусгай зөвшөөрлийн талбайг тусгасан байдаг. Эндээс харахад Шивээтолгой, Жавхлант ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь уг Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэлд бүрэн хамрагдана. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд "...Зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын үйл ажиллагаа явуулна" гэсэн заалттай зөрчилдөж буй юм. Хууль болон Хөрөнгө оруулалтын гэрээний зөрчлийн гаргалгаа, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хангуулан баялгаа эргэлтэд оруулж гацаанаас гарах нь чухал юм. Монгол Улсын Засгийн газар, "Онтрэ" болон "Оюу толгой" компанийнхан хэлэлцээрийн ширээний ард хэзээ суух вэ.

-Үүссэн нөхцөл байдлын улмаас Панел-2 руу шилжиж байгаа нь эдийн засгийн ямар үр дагавартай болох талаар "Оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхээс тодруулахад,

-Үүнийг алдагдсан боломж гэж хэлж болно. Учир нь Панел-1-д гол хөрөнгө оруулалтаа хийчихээд хамгийн агуулга өндөртэй, илүү мөнгөн урсгал орох талбайгаа дутуу орхиж, агуулга багатай Панел-2-т дахин хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бид богино хугацаанд олох байсан орлогоо алдана гэсэн үг. Зүй нь хөрөнгө оруулалт хийсэн, агуулга өндөртэй талбайдаа олборлолт явуулж, олсон орлогоороо өр төлбөрөө барагдуулбал бидэнд ашигтай байсан.

Тодорхойгүй байдал хэвээр буй тул бид 2026 онд Онтрэгийн талбайд ямар ч ажил төлөвлөөгүй. Лицензийн асуудал шийдэгдсэн тохиолдолд 2028 онд дутуу орхисон Панел-1 рүү буцаж орно гэсэн ерөнхий төлөвлөлт бий. Тусгай зөвшөөрлийн асуудал ойрын хугацаанд нааштайгаар шийдэгдэж, Панел-1-ийг хөгжүүлэх боломж гарвал энэ талбайг ашиглах нь бүх талуудын ашиг сонирхолд нийцэх эдийн засгийн үр өгөөжтэй шийдэл болно гэсэн юм.

Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудал шийдэгдэхгүй удааширч буйгаас Оюутолгой гүний уурхайн нэвтрэлтийн дарааллыг дахин төлөвлөхөөс аргагүй болсныг та Гүйцэтгэх захирлын тайлбараас анзаарсан биз ээ. 

Панел-1-ийг дутуу орхин, 2025 оны 8 дугаар сард Панел-2-т анхдагч хүдэр бутлуурын тэсэлгээг хийж, хүдрийн шинэ бүсэд нэвтрэх ажлаа эхэлсэн нь тус компани 2026 оны I улирлын төлөвлөлтөө давуулан биелүүлэхэд сайнаар нөлөөлжээ. Энэ оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхайн зэс, алтны үйлдвэрлэл дээд амжилт тогтоосон буюу үйлдвэрлэсэн баяжмал дахь зэсийн хэмжээ 91.7 мянган тонн байхаар төлөвлөсөн бол 101.6 мянган тоннд хүрчээ. Мөн үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ 113.1 мянган унц байхаар төлөвлөсөн бол 123.1 мянган унц буюу 3.8 тоннд хүрсэн байна. Нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөсөн бол энэ үзүүлэлт 2 тэрбум 55 сая ам.долларт хүрч, чөлөөт мөнгөн урсгал нь 596 сая ам.доллар давсан байна.

Энэ амжилт нь 2026 оны эхний улиралд Панел-2-т огтлох түвшний тэсэлгээ, хүдэр олборлох юүлүүр болон хүдэр татах цэгүүдийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хуваариас өндөр үзүүлэлттэй гүйцэтгэсэн нь уурхайн олборлолтыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн гэж Оюутолгойн 2026 оны 1 улирлын үйл ажиллагааны тайланд дурдсан байна.