Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Уул уурхайн салбарын судалгааг шинэ шатанд гаргах SEM, MLA технологи Монголд нэвтэрлээ

“Оюу толгой” компани Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өгсөн билээ. Эрдэс баялгийн салбарын судалгааг шинэ шатанд гаргах тус орчин үеийн лабораторийн нээлтийн үеэр (2026.05.08)  бид МГТИС-ийн Ректор, Химийн профессор Б. Батцэнгэл болон Сургалт судалгааны лаборатори хариуцсан мэргэжилтэн М.Баасандорж нартай тус лабораторийн ач холбогдол, сургуулийн ирээдүйн стратеги болон Монголын инженерийн боловсролын ирээдүйн талаар ярилцлаа. 

Танай сургуулийн хувьд уул уурхайн лаборатори болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд хэрхэн оролцож байна вэ? Жилд дунджаар эрдэс баялгийн боловсруулалт болон лабораторийн судалгаа шинжилгээний чиглэлээр хэчнээн мэргэжилтэн төгсөн гардаг вэ? 

Манай Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь уул уурхайн салбар, тэр дундаа ашигт малтмал боловсруулах үйлдвэрүүдэд нэн шаардлагатай нарийн мэргэжлийн инженерүүдийг бэлтгэдэг. Бид зөвхөн эрдэс баялаг боловсруулалтын инженерээс гадна уул уурхайн компаниудад дутагдалтай байдаг механик инженер, мехатроник, цахилгааны инженер, хүрээлэн буй орчны инженер болон үйлдвэрийн эдийн засагч зэрэг цогц хөтөлбөрүүдээр мэргэжилтэн бэлддэгээрээ онцлогтой. 

Манай сургууль жил бүр 150 орчим оюутан шинээр элсүүлэх бодлого баримталдаг. Одоогоор сургалтын зургаан үндсэн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөр тус бүрд 20–25 оюутан элсүүлэн сургаж байна. 

Өнөөдрийн үйл ажиллагааны гол онцлог юу вэ? Энэхүү лаборатори үүд хаалгаа нээснээр сургалтын чанар болон судалгааны чадамжид ямар ахиц дэвшил гарна гэж та харж байна вэ? 

Бид өнөөдөр (2026.05.08) "Оюу толгой" компанийн хандивласан, орчин үеийн өндөр хүчин чадалтай багаж хэрэгслээр тоноглогдсон Эрдсийн судалгааны лабораторио нээж байна. Энэхүү дэвшилтэт технологи, багаж хэрэгсэл нь өдгөө Монгол Улсад ердөө хоёрхон байдгийн нэг нь "Эрдэнэт үйлдвэр"-т, нөгөө нь ийнхүү манай сургууль дээр суурилуулагдаж буй юм. 

Уг лаборатори ашиглалтад орсноор эрдсийн нарийвчилсан судалгааг шинэ шатанд гаргаж, Монголын уул уурхайн салбарын үйл ажиллагааг цэвэр судалгаа шинжилгээнд суурилсан, илүү үр өгөөжтэй, эдийн засгийн өндөр ашигтай болгоход томоохон түлхэц үзүүлнэ гэж харж байна. 

Тэгэхээр  иймэрхүү стратегийн чухал ач холбогдолтой тоног төхөөрөмжийг дотооддоо, тэр дундаа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн суурилуулж байгаа нь тухайн компанийн нийгмийн хариуцлагын томоохон илэрхийлэл гэж хэлж болох уу? Ирэх есдүгээр сард ашиглалтад орох сургалт, судалгааны нэгдсэн лабораторийн талаар дэлгэрүүлэхгүй юу? 

Гарцаагүй тийм. Энэ бол уул уурхайн салбарын нийгмийн хариуцлагын маш том жишиг ажил юм. Үүнээс гадна, ирэх есдүгээр сард манай сургуулийн сургалт, судалгааны нэгдсэн лаборатори бүхий хичээлийн хоёрдугаар байр албан ёсоор ашиглалтад орно. Тус барилга нь Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд, Германы Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-ны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа юм. 

Шинэ байранд эрдэс боловсруулалт, механик, хүрээлэн буй орчны инженерчлэл зэрэг стратегийн чухал чиглэлүүдийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон долоон том лаборатори байгуулагдана. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор манай ахисан түвшний сургалт, судалгааны чадавх шинэ шатанд гарна. Тодруулбал, ирэх есдүгээр сараас шинээр эхлүүлэх гэж буй магистр, докторын хөтөлбөрүүд маань олон улсын түвшний цэвэр судалгаа шинжилгээнд суурилан хэрэгжих бүрэн боломж бүрдэж байгаа юм. 

Та ХБНГУ-д химийн инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, энэ салбарын эрдэмтэн, профессор хүний хувьд шинэ лабораторийн тоног төхөөрөмж болон туршилт, судалгааны боломжийг хэрхэн үнэлж байна вэ? Манай судалгааны орчин олон улсын стандартад хэр дөхөж очсон бэ? 

Би ХБНГУ-ын технологийн ууган их сургуульд химийн инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Хөгжсөн орнуудын хувьд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нарийн технологийн үйлдвэрүүд нь хэдийн хөгжчихсөн учраас сургалт, судалгааны лабораториуд нь маш өндөр хүчин чадалтай, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Өдгөө Монгол Улсад ч мөн адил боловсруулах үйлдвэрүүд ар араасаа төрөн гарч байна. Тэгэхээр эдгээр үйлдвэрт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд манай сургалт, судалгааны орчин зайлшгүй олон улсын стандартад нийцэх шаардлагатай. 

Энэ хүрээнд төр засгаас ч тодорхой бодлогоор дэмжиж, "1000 инженерийн хөтөлбөр"-ийн шугамаар төрийн өмчийн сургуулиудад багаж, тоног төхөөрөмжүүдийг нэлээд нийлүүлсэн. Манай сургуулийн хувьд ч Засгийн газар хоорондын гэрээнээс гадна хувийн хэвшилтэй идэвхтэй хамтран ажиллаж, уул уурхайн салбарт нэн шаардлагатай орчин үеийн лабораторийг байгуулж чадлаа. Энэ бол бидний хөгжлийн түүчээ юм. 

Өнөөдөр цаг үе асар хурдтай өөрчлөгдөж, аж үйлдвэрийн салбар хиймэл оюун ухаан, робот техник, автоматжуулалт руу шилжиж байна. Тиймээс бид уламжлалт нүсэр үйлдвэрлэлээс илүүтэйгээр ухаалаг (smart) үйлдвэрлэл рүү шилжихэд их сургуулиудын оролцоог нэмэгдүүлж, цаг хугацаанаас урьтаж хөгжих бүрэн боломжтой. Монгол залуус төрөлхийн өндөр чадвар, авьяас, потенциалтай хүмүүс. Гагцхүү үүнийг зөв бодлого, оновчтой хамтын ажиллагаагаар чиглүүлж чадвал тэдэнд дэлхийн түвшинд өрсөлдөх маш их нөөц бололцоо бий. 

Өнөөдрийн (2026.05.08) лабораторийн нээлт нь танай сургуулийн ирээдүйн хөгжлийн стратеги болон олон улсын түвшний, өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэн гаргах алсын хараатай хэрхэн уялдаж байна вэ? 

Барууны өндөр хөгжилтэй орнуудын жишгийг харахад их сургуулиудын хөгжил нь "Triple Helix" буюу Их сургууль-Төр-Хувийн хэвшлийн гурвалсан холбооны загварт суурилдаг. Энэхүү тогтолцооны гол агуулга нь их сургууль өөрөө шинэ мэдлэг, инновацыг үйлдвэрлэгч төв байх бөгөөд түүнийг нь дэмжих хоёр гол субъект байх ёстой юм. Нэг нь бодлогоор дэмждэг Төр засаг, нөгөө нь өөрт тулгамдаж буй асуудал болон технологийн шийдлүүдээ их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлдэг аж ахуйн нэгж, компаниуд юм. Энэхүү харилцан уялдаатай тогтолцоог эрүүл голдиролд нь оруулж, зөв хөгжүүлэх нь их сургуулиудын хөгжлийн гол хөдөлгүүр болдог. 

Манай сургуулийн урт хугацааны хөгжлийн стратеги яг л энэ зарчмаар явж байна. МГТИС бол Монгол Улсын төрийн өмчит ууган биш ч, хамгийн отгон их сургууль. Тиймээс бид бодлогын түвшинд Монгол Улсын хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай байгаа хэрэглээний шинжлэх ухааны суурь судалгаануудыг сургууль дээрээ нутагшуулах, түүнийг түшиглэн дэлхийн түвшний инженерүүдийг бэлтгэхийг зорин ажиллаж байна. Өнөөдрийн лабораторийн нээлт ч мөн энэхүү стратегийн маань салшгүй нэг хэсэг, бодит биелэл нь юм. 

МГТИС-ийн Сургалт судалгааны лаборатори хариуцсан мэргэжилтэн М.Баасандорж 

Энэхүү шинэ лабораторид яг эрдсийн ямар төрлийн нарийвчилсан шинжилгээнүүдийг хийх боломжтой вэ? Тус тоног төхөөрөмжийн гол онцлог, давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?

Энэхүү тоног төхөөрөмж нь Scanning Electron Microscope  (SEM) болон Mineral Liberation Analyzer (MLA)-ийг хослуулсан маш өндөр нарийвчлалтай систем юм. Гол онцлог нь эрдсийн бүтцийг 50 мянга дахин томруулж харах боломжийг олгодогт оршиж байна.

Үүний тусламжтайгаар тухайн ашигт малтмалын сулралын зэрэг ямар түвшинд байгааг, эрдсүүд хоорондоо хэрхэн барьцалдаж холбогдсоныг, мөн яг ямар төрлийн эрдэс болохыг нарийвчлан тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүдрийг ямар хэмжээнд хүртэл буталж нунтаглавал эрдэс нь бүрэн суларч, баяжуулалтын технологид хамгийн үр ашигтайгаар шилжих вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж ирнэ гэсэн үг.

Монголд өнөөдрийг хүртэл эрдсийн шинжилгээг голдуу уламжлалт аргаар буюу мэргэжилтнүүд оптик микроскопоор, нүдээр харж тодорхойлдог байсан. Харин энэ технологи нь тухайн процессыг бүрэн автоматжуулж, цаг хугацаа хэмнэсэн, хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаагүй, нарийн үр дүнг гаргадгаараа давуу талтай. Ер нь бол бүх төрлийн эрдэс, ашигт малтмалыг энэ аргаар иж бүрэн шинжлэх боломжтой.

Танай сургуулийн хувьд эрдэс баялгийн боловсруулалтын чиглэлээр ямар ямар судалгаануудыг голчлон хийж байна вэ?

Манай сургуулийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн эрдэм шинжилгээний ажлынхаа гол цөмийг уул уурхайн боловсруулалт, баяжуулалтын салбар руу чиглүүлж ирсэн. Энэ хүрээнд 2016 онд зөвхөн энэ чиглэлийн судалгаанд зориулсан Эрдэс боловсруулалтын бие даасан лабораторийг байгуулж байв. Тус лаборатори маань өдгөө уул уурхайн салбарын томоохон компаниудтай хамтарсан хэд хэдэн томоохон судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгээд явж байна. Эдгээр хамтарсан төслүүдийн үр дүнд суурилан багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд олон улсад хэвлэгдэхийн зэрэгцээ оюутнуудын дипломын ажил ч практик ач холбогдолтойгоор хамгаалагддаг.

Харин энэ жил ашиглалтад орж буй эрдсийн нарийвчилсан судалгааны шинэ төхөөрөмж нь манай сургуулийн эрдэс боловсруулалтын судалгааг чанарын хувьд нэг шат ахиулах боломжийг олгож байна. Тодруулбал, уламжлалт баяжуулалтын туршилтуудыг өндөр нарийвчлалтай SEM, MLA шинжилгээтэй хослуулан хийх боломж бүрдэж байгаа нь манай судалгааны чадавхыг олон улсын түвшинд гаргаж буй хэрэг юм.

Манай улсын хувьд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлснээр эдийн засгийн хувьд яг ямар бодит үр өгөөж үүсэх вэ? Энэ нь уул уурхайн экспортын орлогыг дараагийн түвшинд гаргах хөдөлгүүр болж чадах уу?

Эрдсийн нарийвчилсан судалгааг өндөр түвшинд хийснээр баяжуулах үйлдвэрүүдийн металл авалтын хувийг (metal recovery) өсгөх бодит боломж бүрддэг. Уул уурхайн технологи цаг хугацааны эрхээр тасралтгүй хөгжиж, улам нарийн болсоор байна. Жишээлбэл, өдгөө 50 орчим жилийн түүхтэй "Эрдэнэт үйлдвэр"-ийн 1970-аад онд ашиглаж байсан технологи өнөөдөр бүрэн шинэчлэгдсэн.

Технологийн энэхүү шинэчлэл, нарийн судалгааны үр дүнд хаягдал дахь ашигтай элементийн агуулга буурч, хүдрээс ялган авах металлын хэмжээ буюу металл авалтын хувь тасралтгүй өсдөг. "Эрдэнэт үйлдвэр" эсвэл "Оюу толгой" шиг үндэсний хэмжээний том үйлдвэрүүдийн металл авалтын түвшин ердөө нэгхэн хувиар өсөхөд л Монгол Улсын экспортын орлого, улсын төсөвт орох ашиг асар ихээр нэмэгдэнэ. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийн технологийн судалгаа гэдэг бол цэвэр Монгол Улсын эдийн засгийн чадавхыг дараагийн шатанд гаргах стратегиас өөрцгүй юм.