Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ БОЛОН ЕХ-НЫ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН БОДЛОГО ТӨВ АЗИД ЭРЧИМЖИЖ БАЙНА

Т.Бямбанаран

АНУ болон Европын Холбооны зүгээс газрын ховор элемент, критикал минералын бодлогоо Төв Азийн бүс нутаг руу шилжүүлж, тухайн бүсэд илүү ихээр анхаарал хандуулах болсон. Уг явдалд ОХУ санаа зовниж байгааг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Цахилгаан автомашины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалахын салбарын дэвшилтэт технологид зайлшгүй шаардлагатай газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ илт давамгай байр суурь эзэлж буйтай холбоотойгоор АНУ болон ЕХ тэргүүтэй “Долоогийн бүлэг”-гийн орнууд Хятадаас хамааралтай байдлаа бууруулах зорилгоор өөр эх үүсвэр, шинэ зах зээл, түншүүдийг эрэлхийлсээр байгаа нь нууц биш.

Байгалийн баялгийн арвин нөөцтэй Казахстан, Кыргызстан, Тажикстан, Туркменистан болон Узбекистан зэрэг Төв Азийн орнуудыг ОХУ өөрийн геополитикийн нөлөөллийн бүс гэж үздэг бөгөөд үүнтэй зэрэгцэн БНХАУ ч мөн тус бүс нутагт анхаарлаа улам ихээр хандуулах болсон.

Михаил Галузин “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа, “Вашингтон стратегийн ач холбогдолтой ашигт малтмал болон газрын ховор элементийн асуудлаарх хэлэлцээрийг түргэтгэж, энэ чиглэлд нэн шуурхай ажиллаж буйд бид санаа зовниж байна” хэмээн мэдэгджээ.

“Энэ нь зөвхөн эдийн засгийн өрсөлдөөний асуудал биш. Үүний цаана Оросыг шахан гаргаж, манай улсын хил орчмын бүс нутагт Барууны хяналттай дэд бүтэц бий болгох оролдлого явж байна” гэж тэрээр онцолсон юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сард Төв Азийн таван улсын удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авах үеэрээ критикал минералыг “тэргүүлэх зорилтын нэг” хэмээн тодорхойлж байв. Тэрээр мөн олон улсын хэлэлцээрүүдээр дамжуулан АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж, аюулгүй байдлаа хангахыг зорьж буйг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: mining.com