
Ч.Сансар
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 5-р сарын 19-20-нд Бээжинд уулзах үед хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл хийлээ.
Талууд "олон туйлт ертөнц ба шинэ хэлбэрийн олон улсын харилцаа"-г бий болгоход чиглэсэн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
Оросын Ерөнхийлөгч Путин Орос-Хятадын харилцааг гаднын нөлөөнд автдаггүй, дэлхийн бусад орнуудад үлгэр дуурайлал болж чадна гэж тэмдэглэлээ. Хятад, Оросын эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжиж байгаа, гарын үсэг зурсан ихэнх баримт бичиг нь эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зориулсан гэж мэдэгдлээ. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт бараг 240 тэрбум ам.долларт хүрсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв.
Орос, Хятад улсууд хүмүүнлэгийн салбарт ч амжилттай хамтран ажиллаж байна. Хоёр улсын хооронд аялал жуулчлал нэмэгдэж, шинжлэх ухаан, соёл урлагийн хүрээнд хамтын ажиллагаа өргөжиж байна.
Ши Жиньпин дарга Орос, Хятадын харилцаа амжилттай хөгжиж буй гэжээ. Хятадын удирдагч Хятад, Орос улсууд гэрээнд тусгагдсан "эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх, гуравдагч этгээдийн эсрэг чиглэхгүй байх" зарчмуудыг баримталдаг гэж тэмдэглээд, Орос, Хятадын найрамдал залуу үеийнхний дунд улам бүр дэмжлэг авч, хоёр орны ард түмэн бие биетэйгээ улам ойртож байна гэжээ.
Орос, Хятадын худалдааны эргэлт энэ оны 1-4 сарын хооронд хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран бараг 20%-иар өссөн гэж Хятадын удирдагч мэдэгдлээ.
Орос улс Хятадад газрын тос, байгалийн хийг тасралтгүй нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Талууд "Сибирийн хүч 2" хийн хоолойн төслийн талаар ерөнхийдөө тохиролцсон боловч одоогоор тодорхой хугацаа заагаагүй гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Хятадын Гадаад хэргийн яам оросуудад визгүй зорчих боломжийг 2027 оны 12-р сарын 31 хүртэл сунгаж байгаагаа зарлалаа. Анх оросын иргэд 2025 оны 9-р сарын 15-нд Хятад руу визгүй зорчиж эхэлсэн. Харин 2025 оны 12-р сарын 1-нээс Хятадын иргэд Орост визгүй зорчих боломжтой болсон.
Эх сурвалж: Сноб Медиа