Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ХӨГЖЛИЙН ГОЛ СУУРЬ ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

-MMJ сэтгүүлийн 4 дүгээр сарын дугаарт-

А.Халиун

Mонгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын анхны хуралдаанаараа /2026.04.08/ бүтээн байгуулалтын томоохон төсөл болох гангийн цогцолбор байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа. 2025 оны дүнгээр Монгол Улс жилд 911 сая ам.долларын үнэ бүхий 1 сая тонн ган импортлон хэрэглэсэн бол 2030 онд энэ үзүүлэлт 1.7 сая тоннд хүрэх тооцоолол гарчээ. Иймд дотоодын хэрэгцээнийхээ 60-70%-ийг хангах хүчин чадал бүхий үйлдвэрийг Дархан-Уул аймгийн Орхон сумын нутагт байгуулахаар 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Монгол Улсад төмрийн хүдрээс ган үйлдвэрлэх технологи бүхий том хүчин чадлын үйлдвэр барьж ашиглалтад оруулсан туршлагатай аж ахуй нэгж байхгүй тул энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд ч цөөтэй. Иймд дотоодын нөөц бололцоогоор уг төслийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тул олон улсын хөрөнгө санхүү, технологи, зах зээл бүхий ган үйлдвэрлэлийн салбарт туршлагатай тоглогчидтой хамтрах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.

Н.Учралын Засгийн газар анхны хуралдаанаараа гаргасан Гангийн цогцолборын нээлттэй урилгыг олон улсын 30 гаруй байгууллагад хүргүүлжээ. Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хөрөнгө оруулагчдын саналыг 5 дугаар сарын 10-ныг хүртэл хүлээн авна. Үүнээс хойш 14 хоногт хамгийн боломжит санал ирүүлсэн таван компанийг сонгох юм.

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, "Ган үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөлд хөрөнгө оруулан хамтран ажиллах урилга, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг 5 дугаар сарын 27-ны дотор зохион байгуулна. Урьдчилсан ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалт 806 сая ам.доллар байх ба төслийн хөрөнгө оруулалтыг 8 жилийн хугацаанд нөхөх урьдчилсан тооцоолол гарсан" гэв.

Гангийн үйлдвэр баригдсанаар барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс бууруулах, импортын хамаарлыг багасгахын дээр 1700 орчим байнгын ажлын байр бий болно. Улс орон хөгжье гэвэл гангийн үйлдвэрлэлээ дэмждэг. Ган үйлдвэрлэж байгаа улс аж үйлдвэрээ хөгжүүлж чадна гэж үздэг. Энэ утгаар АҮЭБЯ-наас хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримтлан ажиллаж байна.

Үүнтэй зэрэгцэн алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилго тавьж, олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг ойрмогхон зарлаж, хөрөнгө оруулаг- чидтай хэлэлцээр хийхэд бэлэн болж байгаагаа сайд Г.Дамдинням дуулгав. 

Г.Занданшатарын Засгийн газрын үе буюу 2025 оны 12 дугаар сард Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн нээлттэй Сонгон шалгаруулалтыг зарлаж, 20 гаруй улсын 55 компанид хамтарч ажиллах урилга хүргүүлсний үр дүнд 7 улсын 13 компани сонирхлоо илэрхийлсэн. Үүнээс урьдчилсан сонгон шалгаруулалтаар БНХАУ-ын 3, Швейцарийн компани шалгараад буй билээ. Жилд 120 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр байгуулахад 800 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоолол гарсан бөгөөд сонгон шалгаруулалт одоо эцсийн шатандаа орсон бөгөөд тун удахгүй гүйцэтгэгчийг зарлах аж.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх мандат авсан эрх баригч МАН-ын бүрдүүлсэн Засгийн газар 2 жил хүрэхгүй хугацаанд 3 дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэв. МАН- ын Засгийн газар ойр ойрхон унаж байгаа ч үе үеийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын томоохон өөрчлөлт оруулахгүй, өмнөх Засгийн газрынхаа бодлогын залгамж чанарыг хадгалж буй нь анзаарагдана. Монгол Улсад хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн бодлого Г.Занданшатараар уламжлагдсан, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр сонгогдсон Н.Учрал Ерөнхий сайдын үед ч үргэлжлэх төлөвтэй байна.

Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед батлуулсан Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хууль 2022 оны 8 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Зэс боловсруулах үйлдвэр байгуулах сонгон шалгаруулалтын бэлтгэл ажлууд энэ хууль болон холбогдох бусад хуулийн хүрээнд зохицуулагдаж буй юм. Хууль эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох зорилгоор АҮЭБЯ-наас Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулах санаачилга гарган ажилдаа оржээ.

Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, "Монгол Улс хүнд үйлдвэрийн хөгжлийг тэтгэх, хөрөнгө оруулалтын ээлтэй орчин бүрдүүлсэн хууль эрх зүйн тодорхой зохицуулалтгүй өнөөг хүрсэн. Үйлдвэрлэл, технологийн паркийн тухай хуульд үйлдвэрлэгчийг газрын төлбөрөөс чөлөөлөх, НӨАТ-ын болон импортын бараанд татвараас чөлөөлөх зэрэг хөрөнгө оруулалтыг дэмжсэн заалтууд байгаа хэдий ч бие даасан үйлдвэр байгуулахад татварын бодлогын хувьд дэмжлэг үзүүлэх, эрх зүйн тодорхой зохицуулалт дутагдалтай, мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим заалт нь амьдралд нийцээгүй гэх мэт шүүмжлэл гарч буй тул Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг санаачилсан.

Одоогоор хуулийн үзэл баримтлалыг боловсруулах шатандаа явна. Энэхүү төсөлд зарим хуулиар зохицуулагдахгүй, орхигдож буй эрх зүйн тодорхойгүй байдлыг тодорхой тусгана. Аж үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай бусад хөрөнгө оруулалтын хуулиудын уялдаа холбоог хангаж, хоорондоо нийцэхгүй тусдаа тавигдаж буй зохицуулалтуудыг нэгтгэх бодлогын ажлуудыг хийх юм. Төсөл боловсруулах явцад салбарын эрдэмтэн судлаачид, бусад оролцогч талуудын саналыг авах хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, нарийвчилсан зохицуулалтуудыг тусгахаар төлөвлөсөн. Олон талын оролцоог хангах үүднээс хэлэлцүүлгүүдийг өргөн хүрээнд зохион байгуулна. Төслөө УИХ-ын 2026 оны Намрын чуулганд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна" гэв.