
Ч.Сансар
"Богутинское" ордыг ашиглалтад оруулсны дараа Казахстан улс дэлхийн гурав дахь том вольфрам үйлдвэрлэгч боллоо. Хятад улс 2025 оны 2-р сард вольфрамд экспортын хязгаарлалт тавьсан нь 2026 оны 3-р сарын эхээр вольфрамын үнийг 557%-иар өсгөхөд гол нөлөө үзүүлсэн билээ.
Олон улсын бизнес мэдээллийн "Kursiv Research" байгууллагын мэдээлснээр Казахстан улс 2025 онд анх удаа вольфрамын баяжмалыг Хятад руу нийлүүлж эхэлсэн. Тус улс 3.7 мянган тонн вольфрамын хүдэр, баяжмал экспортолж, 71 сая ам.долларын орлого олсон. Вольфрам Казахстаны экспортын бүтцэд ач холбогдлоороо 71-р байранд ордог ч тус металл нь маш хурдан стратегийн бүтээгдэхүүн болж хувирсан.
"Богутинское" төслийг Казахстаны “Zhetysu Tungsten” компани хэрэгжүүлж, Хонконгт төвтэй “Jiaxin International Resources Investment” компани санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Уг орд нь вольфрамыг экспортын бүтээгдэхүүн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн аж. Боловсруулах үйлдвэр нь 65%-ийн баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд цаашдаа нийт 450 сая ам.долларын хөрөнгө оруулж, үйлдвэрээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Ирээдүйд өндөр үнэ цэнэтэй вольфрамын бүтээгдэхүүн болох аммонийн паравольфрам үйлдвэрлэх 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр, 2025 онд Казахстан 2.4 орчим мянган тонн вольфрам үйлдвэрлэж, Хятад, Вьетнамын дараа оржээ.
Сүүлийн жилүүдэд, ялангуяа геополитикийн нөхцөл байдлаас хамааран вольфрамын стратегийн ач холбогдол мэдэгдэхүйц өссөн. Энэ металл нь батлан хамгаалах, барилга байгууламж, өндөр технологийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг бөгөөд АНУ-ын чухал ашигт малтмалын жагсаалтад орсон. Хятад улс дэлхийн вольфрамын салбарт ноёрхдог бөгөөд 2025 онд нийт вольфрамын бараг 79%-ийг үйлдвэрлэсэн. Мөн АНУ, Хятадын худалдааны маргааны улмаас вольфрамын экспортыг хязгаарласан.
Үүний хариуд АНУ олон улсын түншлэл бий болгох замаар нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх ажлаа эрчимжүүлсэн. Жишээлбэл, Казахстаны “Tau-Ken Samruk” болон АНУ-д төвтэй “Cove Capital” компаниудын хамтарсан үйлдвэр Дээд Кайракты болон Хойд Катпарын ордуудыг ашиглахаар төлөвлөж байна. 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл Казахстаны аммонийн паравольфрамын үйлдвэрлэл мэдэгдэхүйц хэмжээнд нэмэгдэнэ.
Үүнтэй зэрэгцэн Казахстан улс критикал минералын салбарт төрийн хяналтаа чангатгаж байна. 2026 онд үндэсний уул уурхайн компанид олборлолтын давуу эрх олгох хууль тогтоомжууд батлагдах төлөвтэй байна. Мөн хувийн хэвшлийнхэн АНУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр "Дрожиловское" ордыг ашиглах зэрэг шинэ төслүүдийг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Эх сурвалж: Ройтерс