
The Mongolian Mining Journal - 2026.04-р сарын дугаар
Б.Төгсбилэгт
“Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Байгаль орчны менежер Т.Самданжигмэд нар уурхайн үйл ажиллагааны энэ оны эхний улирлын тайлан болон ус ашиглалттай холбоотой асуудлаар мэдээлэл (2026.04.29) хийлээ.
Оны эхний улиралд гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэ оны эхний улирлын байдлаар тус компани нийт 465.3 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, 499.6 мянган тонн баяжмал борлуулсан байна. Баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 53.4%, экспортын биет хэмжээ 77.2%-иар тус тус нэмэгджээ.
Эхний улиралд баяжмал дахь цэвэр металын дүнгээр уурхайгаас нийт 101.6 мян тонн зэс, 123.1 мянган унц (3.8 тн) алт, 615.9 мянган унц мөнгө үйлдвэрлэсэн байна. Ингэснээр уурхайн үйлдвэрлэлийн төлөвлөгөө оны эхний улиралд 10%, борлуулалтын орлогын төлөвлөгөө 20%-иар тус тус давж биелсэн үр дүнтэйгээр Оюу толгой компани ажилласныг С.Мөнхсүх захирал тодотголоо. Тайлант хугацаанд компани 1.3 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь бодит гүйцэтгэлээр 2,055 сая ам.доллароор хэмжигдэж, чөлөөт мөнгөн урсгалын хэмжээ 596 сая ам.долларт хүрчээ.
С.Мөнхсүх:
"2026 оны эхний улиралд онцгой сайн ажилласан гэж товчхондоо дүгнэж болно. Хүдэр баяжуулалт, зэс үйлдвэрлэл дээр төлөвлөгөөгөө 10%-иар давуулан биелүүлсэн. Зэрэгцээд зэс, алтны зах зээлийн таатай нөхцөл байдлаас шалтгаалаад орлогын хувьд 20% давж биелсэн" хэмээн тодотголоо.
Өнгөрсөн оны эцэс, энэ оны эхэнд материал зөөвөрлөх систем, агааржуулалтын систем зэрэг суурь дэд бүтцүүдийн ажил дууссанаар гүний уурхайгаас гарах хүдрийн хэмжээ нэмэгдэж байна. Түүнчлэн өнгөрсөн онд нэмж тээрэм байгуулан, баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг хийж дуусгаснаар хүдрээ илүү сайн нунтаглаж, металын авалтын түвшинг ахиулсан байна. Тус үйлдвэрийн дундаж метал авалт оны эхний улиралд 90%-тай байсан нь дэлхийд маш өндөр үр дүнд тооцогдоно.

Энэ оны эхний улиралд тус компани нийт 2.2 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хураамж болон бусад төлбөр хэлбэрээр төлжээ. Гэхдээ энэ нь Татварын ерөнхий газраас тус компанид өнгөрсөн хоёрдугаар сард ногдуулсан 1.6 их наяд төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын актын дүнг оруулж тооцсон дүн юм.
Дотоодын мөнгөн зарцуулалтын тухайд, энэ оны эхний улиралд дотоодын компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 4 их наяд төгрөг зарцуулжээ. Энэ нь Оюу толгой өдөрт 43.3 тэрбум төгрөг дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг илтгэнэ.
Эхний улиралд тус компани нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бол үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85%-ийг буюу 1.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг дотоодын компаниудаас авчээ.
"Оюу толгой" компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн байна. Улмаар 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 226 тэрбум төгрөг төлжээ. Мөн 2026 оны эхний улиралд ашигласан усныхаа 86.4%-ийг дахин ашигласан байна. Нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.45 шоо метр ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм. Ус бохирдуулсны төлбөртэй холбоотой асуудлаар төлбөр тооцох аргачлалыг Усны газартай хэлэлцэж нэгдсэн зөвшилцөлд хүрэх асуудал хүлээгдэж байна. "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх мэргэжилтнүүдийнхээ хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга 3.Батбаяртай албан уулзалт хийлээ. Уулзалтаар талууд усны нөөцийг хамгаалах, уул уурхайн нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах, инженерийн шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй байгаад санал нэгдсэн байна.
Зөвхөн уурхайн үйл ажиллагаанаас гадна орон нутагт багагүй ажлууд үргэлжлэн хэрэгжиж байна. "Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан"-аас хэрэгжүүлж буй ажлын хүрээнд спорт амралтын цогцолбор, дотоод замын ажил, мөн олон жил яригдсан махны үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлсэн.
Сүүлийн үед түлшний үнэ өсөхтэй холбоотойгоор уурхайн зардал нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Энэ тухайд ММЈ С.Мөнхсүх захирлаас тодрууллаа.
Зэс, алтны үнэ өсөж, уурхайн олборлолт ч бас нэмэгдэж бүх үзүүлэлт сайн байна. Гэхдээ дизелийн үнэ өсөж байна. Оюу толгойн хувьд маш их хэмжээний уулын цул олборлож, ихээхэн хүдэр олборлож, баяжмал үйлдвэрлэн экспортолдог. Тэгэхээр дизелийн ханшийн одоогийн өсөлт уурхайн нийт зардалд дарамт үзүүлэхээр байна уу? Түүнчлэн Оюу толгой уурхай ногоон технологи, хүлэмжийн хийг бууруулах чиглэлд нэлээд анхаарч ажилладаг.
Цахилгаанжуулалт одоогоор уурхайд хэрхэн нэвтэрч байна вэ?
Тайлангийн үр дүнгүүд сайн гарсан ч дэлхийн эдийн засаг тогтворгүй байна. Алтны үнэ өндөр байгаа нь үүнийг илтгэнэ. Тийм ч учраас аливаа юм хоёр талтай. Бидэнд маш их том эрсдэл, хүнд даваанууд бий. Энэ жил ч, цаашдаа ч байна. Энэ уурхай 100 жил оршин тогтнох хугацаандаа нэг ч өдөр ямарваа нэгэн эрсдлээс ангид байна гэж байхгүй гэж өмнө нь ярьж байсан. Тэгэхээр жишээ нь байгальтай холбоотой чулуулгийн нуралт гэх мэт асуудлууд бий. Мөн геополитиктой холбоотой түлш, эрчим хүчний үнэ хэлбэлзэх асуудлууд байдаг. Манай нийт зардлын эрэмбээрээ хоёрт буюу цахилгаан эрчим хүчний араас дизель түлш ордог. Уурхайн нийт зардлын 15-20 хувь нь түлштэй холбоотой байдаг. Тиймээс түлштэй холбоотой эрсдэл мэдээж бий. Улс даяараа эрсдэлтэй байна. Энэ нь дан ганц дизель түлш гэлтгүй нефтийн гаралтай бусад бүтээгдэхүүн болох моторын тосолгоо, тос тослох материал, тэсэлгээний бодис, хуванцар гэх мэт бүгдэд нь хүнд хэцүү байдал мэдрэгдэж эхэлж байна. Дизелийн үнийн хувьд хараахан мэдрэгдэхүйц хэмжээнд очоогүй боловч хамгийн гол нь дизелийн хүрэлцээтэй байх асуудал. Одоогоор тасалдсан зүйлгүй нийлүүлэлт хэвийн. Сая Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хойд хөрштэй хэлэлцээр хийж тодорхой хэмжээний шийдэл олсон байна. Манай компани үүнд талархаж байна. Мэдээж энэ бол нэг компанийн шийдэх асуудал биш. Улс орон даяар дизель түлшнээс гадна бүх төрлийн нефтийн бүтээгдэхүүн, тэсрэх бодис зэргийн нийлүүлэлт дээр цаашид эрсдэл бий. Эрчим хүчтэй холбоотой асуудал дээр уул уурхайн салбар цахилгаанжилт руу бага багаар шилжиж байна. Туршилтуудыг хийж эхэлж байна. Нийт гүний уурхайд бид цахилгаан loader-ийг ашиглаж байна. Ил уурхай дээр ялангуяа далангийн ажил дээр 90 тонны цахилгаан автосамосвалыг есөн ширхгийг ашиглаад явж байна. Цаашид технологийн дэвшилтэй холбоотойгоор шилжилтийг аажмаар хийгээд явна.
Түүнчлэн компани 2025 оны жилийн эцсийн тайланг саяхан олон нийтэд дэлгэсэн. Уг тайланг ТУЗ-өөр эцэслэн, хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулаад компанийн цахим хуудаст байршуулсан байна. Үүнд өнгөрсөн оны үйл ажиллагааны онцлох үзүүлэлтүүдээс гадна зээл, зээлийн тайлбар, үр өгөөжтэй холбоотой мэдээллүүдийг оруулсан нь онцлог болжээ.