Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

BMI: Трамп-Ши Жиньпиний дээд хэмжээний уулзалтыг үл харгалзан Хятадын ГХЭ-ийн ноёрхол хэвээр байна

О.Дөлгөөн

Fitch Group-ийн харьяа BMI судалгааны байгууллагын мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын саяхан хийсэн дээд хэмжээний уулзалтыг үл харгалзан, дэлхийн газрын ховор элементийн (ГХЭ) нийлүүлэлт дэх Хятадын хатуу хяналт хэвээр хадгалагдах төлөвтэй байна.

Тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Трамп сүүлийн бараг арав орчим жилийн хугацаанд анх удаагаа Бээжинд хүлээлт үүсгэсэн айлчлалаа хийж, дэлхийн аюулгүй байдал болон худалдааны олон асуудлыг хэлэлцсэн. Тэдгээр асуудлууд дундаас хамгийн их анхаарал татсан сэдэв нь ГХЭ байлаа. Хятад улс дэлхийн ГХЭ-ийн олборлолтын 60 орчим хувийг, харин боловсруулах хүчин чадлын бараг бүх хэсгийг дангаараа хянадаг.

Өнгөрсөн жил Хятад улс АНУ-ын тарифын эсрэг тэмцэхдээ ГХЭ-ийн зах зээл дэх монополь давуу талаа ашиглаж, экспортын хязгаарлалтыг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд долоон төрлийн ховор элемент, тэдгээрийн нэгдлүүд болон соронзны экспортыг чангаруулсан бол, дараа нь нэмж таван элементийг хамруулан хүрээгээ тэлж, Хятадаас гаралтай түүхий эд, технологиор хийсэн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрлийн шаардлагад оруулсан юм.

Хэдийгээр Хятадын эрх баригчид сүүлчийн арга хэмжээгээ өнгөрсөн оны 10-р сарын сүүлээр цуцлахыг зөвшөөрсөн ч энэ нь ердөө нэг жилийн хугацаатай түр зогсолт бөгөөд 2026 оны 11-р сараас экспортын өргөн хүрээний хяналт шалгалт дахин сэргэх төлөвтэй байна.

Трамп-Ши нарын дээд хэмжээний уулзалтын өмнө болон уулзалтын үеэр зах зээлийн ажиглагчид энэхүү нэг жилийн хугацаатай түр зогсолтыг сунгах эсэх, магадгүй талууд ховор элементийн асуудлаар бүрэн хэмжээний хэлэлцээрт хүрч чадах уу гэдгийг анхааралтай ажиглаж байв.

Трамп Бээжинд хийсэн айлчлалаа амжилттай болсон гэж мэдэгдсэн ч албан ёсны ямар нэгэн гэрээ хэлэлцээр эсвэл худалдааны эвлэрлийг сунгах шийдвэр зарлагдсангүй. 

BMI-ийн шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү тодорхойгүй байдал цаашид ч үргэлжлэх бөгөөд АНУ-ын ашигт малтмалын нийлүүлэлт дэх Бээжингийн боомилсон хяналт алга болохгүй. АНУ-ын Геологийн албаны (USGS) тооцоолсноор Америкийн ашигт малтмалын импортын дийлэнх хэсэг нь Хятадаас ирсээр байгаа нь АНУ өөрийн гол эдийн засгийн өрсөлдөгчөөсөө хэр зэрэг хамааралтайг илтгэж байна.

Экспортын хязгаарлалтыг нэг жил түр зогсоосон ч гаалийн мэдээллээс үзэхэд "хүнд" ховор элементүүд гэгддэг зарим ашигт малтмалыг олж авахад хүндрэлтэй хэвээр байна. Экспортын хяналтад орсон ГХЭ-ийн нийт тээвэрлэлт түүхэн түвшнээс хамаагүй доогуур хэвээр байгаа бөгөөд иттриум, диспрозиум, тербиумын экспорт хязгаарлалт тогтоохоос өмнөх 12 сарын хэмжээний ердөө 42%, 41%, 49%-тай тэнцэж байгааг BMI тэмдэглэв.

Үүний дотор хамгийн хурц хомсдолд орсон нэг элемент нь иттриум бөгөөд Хятад улс экспортын хяналт тогтоосноос хойш түүний үнэ 15 дахин өсжээ. Турбины ир хучих халуунд тэсвэртэй хамгаалалт болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд тусгаарлагч хэлбэрээр ашиглагддаг тус эрдсийн нийлүүлэлт саатсан нь АНУ-ын сансар судлал, нисэх онгоцны үйлдвэрлэл болон хагас дамжуулагчийн салбарыг нэлээд сандаргаад байна.

Хятадаас хамааралтай байдлаа бууруулахын тулд АНУ-ын засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд уурхайгаас соронз хүртэлх нийлүүлэлтийн сүлжээг бий болгох чармайлтаа эрчимжүүлж, дотоодын үйлдвэрлэлийн бодлогоо хурдасгахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна.

Нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь хамарсан дотоодын санаачилгуудын дунд тус улсын цорын ганц ховор элемент олборлогч MP Materials (NYSE: MP) компанид оруулсан 400 сая ам.долларын түүхэн хөрөнгө оруулалт, мөн Техас дахь томоохон ордыг хөгжүүлж, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж буй USA Rare Earth (NASDAQ: USAR) компанид олгосон 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт багтаж байна.

Эх сурвалж: mining.com