Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

Б.Даваадалай: Чингис хаан үндэсний баялгийн сан корпорацийг олон улсын зах зээлд гаргана

Б.Төгс

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор мэдээлэл (2026.05.27) хийлээ.

Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд, Засгийн газар төрийн өмчит компаниудын шинэчлэл, дундардаг баялгийг ундардаг баялаг болгох чиглэлд тодорхой шийдвэр гаргаж үүрэг чиглэл өглөө. Энэ удаад Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд томоохон шинэчлэлийг эхлүүлж байна. Ялангуяа засаглалаа хараат бус байлгах, бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй. Улмаар хөрөнгө удирдах, олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох чиглэлд илүүтэй үйл ажиллагаагаа чиглүүлэх шийдвэрийг гаргалаа. Ялангуяа Эрдэнэс Монгол компани бол тодорхой хуультай. Тухайлбал Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Эрдэнэс Монгол компанийг Хуримтлалын санд орлого төвлөрүүлэгч гэж заасан байдаг. Хоёрдугаарт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн толгой компанийн хувьд ногдол ашгийн тодорхой хэсгийг ирээдүйд орлого, үнэ цэнэ бий болгох төсөл хөтөлбөрүүдэд оруулж, байгалийн баялгаас олж байгаа орлогыг өсгөж үржүүлэх чиг үүрэгтэй компани юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэс Монгол компанийг үндсэн хуульд заасан чиг үүрэгтээ үйл ажиллагаагаа бүрэн төвлөрүүлж хөрөнгийн удирдлага, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах, IPO гаргах чиглэл рүү өөрчлөн зохион байгуулах тухай шийдвэрийг гаргаж байгаа юм.

Үүнээс гадна төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд Эрдэнэс Монгол нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, төдийлөн ач холбогдолтой биш 10 компанийг татан буулгахаар хуралдаанаар шийдвэрлэлээ. Мөн томоохон олборлогч компаниудын бүтээмжийг сайжруулах, орон тоог багасгах, ялангуяа дарга нарын тоог бууруулах чиглэлд үүрэг өглөө. Мөн энэ шинэчлэлийг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болгох үр дүн гаргана гэж хүлээж байна. Захиргааны зардлыг 10%, түрээсийн зардлыг 30% бууруулна. Нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх тооцоо гарч байгаа. Энэ шинэчлэлийг 6 дугаар сарын 15-ны дотор багтааж хийнэ. Тухайлбал 10 компанийг татан буулгах асуудал яригдана.  Энэ компаниудын тооцоо, судалгаа мэдээж хуультай, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан учраас эхлээд Засгийн газарт оруулж танилцуулж тогтоолыг хүчингүй болгуулах замаар татан буулгана. Тэр үед нарийн мэдээлэл тодорхой болно.

Цаашид харьяа компаниуд өндөр шилэн барилгад оффис түрээслэхгүй, мөн хотод төлөөлөгчийн газартай уурхайнууд уурхай дээрээ ажил гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна гэж ойлгож болно.

Узбекистан улсын жишээг харахад төрийн өмчийн үр ашигтай ажиллаж буй компаниудын хувьцааг багцлаад хөрөнгийн зах зээл дээр гаргаад хөрөнгө татсан. Энэ хөрөнгөө гадаадын Franklin Templeton гэдэг компаниар удирдуулж олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох үйл ажиллагааг хийж байна. Дэлхий нийтээр холдинг хэлбэрийн, төрийн өмчит компаниудыг толгойлж буй компаниудаа илүү хөрөнгө удирдах, тухайн хөрөнгөө зөвхөн уурхайнуудын үйл ажиллагаанд төвлөрүүлэх гэхээсээ илүүтэй хэрхэн өсгөж арвижуулах, хөрөнгийн зах зээлд гаргах, IPO хувьчлалаа явуулах тал руу төвлөрүүлж байна. Эрдэнэс Монгол ч гэсэн хуулиараа ийм үүрэгтэй. Энэ чиглэл рүү цаашдаа түлхүү ажиллана гэсэн үг. Энэ хүрээнд 6 дугаар сарын 15-наас Эрдэнэс Монгол компанийн нэрийг өөрчилнө. Эрдэнэс Монгол компанийг Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци болгон олон улсын зах зээлд гаргах томоохон нэгдэл болгож өөрчилж байна. Товчхондоо Эрдэнэс Монгол цаашид 2 чиглэлд ажиллана. Одоогийн менежмент, бусад үйл ажиллагаа, төрийн өмчийн компаниудад бодлогын зөвлөмж, удирдамж өгөх, энэ үйл ажиллагааг явуулна. Харин уурхайнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй. Хоёр дахь гол чиглэл бол баялгийн сан буюу иргэдийн нэрийн дансанд буй, одоогоор иргэн бүрт 500 мянган төгрөг болчихоод буй энэ хөрөнгийг санхүүгийн зөв хэрэгслүүдийг ашиглаад хэрхэн өсгөж үржүүлэх тухайд үйл ажиллагаа явуулна. Энэ чиглэлээр Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци олон улсын зах зээл дээр гарч зарим тохиолдолд ойрын болон дунд хугацаанд тодорхой ашигтай ажиллаж буй компаниудынхаа хувьцааг хөрөнгө оруулагч нарт санал болгох, ашиггүй компаниудыг хувьчлах байдлаар ажиллана. Энэ удаад Засгийн газрын шийдвэрээр нэлээд шийдэмгий арга хэмжээ авч байна” гэв.