
Ч.Сансар
Шаньдун мужид орших Sinopec компанийн “Jiyang” занарын орд сүүлийн саруудад олборлолтоо нэмэгдүүллээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улс өөрийн газрын тосны үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж бүрдэж байна.
“Jiyang” ордын олборлолт 2 сая тонноос давсан гэж Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээллээ.
Sinopec-ийн мэдээлснээр, зүүн Шаньдун мужид хэрэгжиж буй “Jiyang” занарын төсөл нь 2026 оны эхний дөрвөн сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлээ 15%-иар нэмэгдүүлжээ. Уг төсөл ойролцоогоор 7,300 кв. км талбай эзэлдэг бөгөөд 10 шинэ цооног ашиглалтад орсны дараа олборлолтоо нэмэгдүүлж чаджээ.
Sinopec саяхан Сычуань мужид 235.7 тэрбум шоо метр хий агуулсан хэт гүний занарын томоохон орд нээснээ зарласан.
Sinopec-ийн гүйцэтгэх захирал хэлэхдээ, тус компани одоо өндөр чанартай хайгуул, үйлдвэрлэлийн үе шат руу шилжиж, Ziyang Dongfeng төслийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Sinopec нь геологийн төвөгтэй тогтоц, гүн өрөмдлөг хийхэд тулгардаг техникийн бэрхшээлүүдээс үл хамааран занар, байгалийн хийн томоохон ордуудыг судалж, баталгаажуулсаар байна.
Хэдийгээр бэрхшээлүүд байгаа ч занарын хайгуул нь Хятадын дотоодын газрын тос, байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх, импортын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах стратегийн чухал хэсэг хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: Oilprice