Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

НЕФТИЙН ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХЯНАХ НЬ ОРОСЫН ХУВЬД НЭН ЧУХАЛ

Ч.Сансар

ОХУ нь дэлхийн газрын тосны нийт олборлолтын 11 орчим хувийг дангаар бүрдүүлж, олборлолтын хэмжээгээрээ АНУ, Саудын Арабын дараа 3 дугаарт жагсдаг. 

Украины дайнаас өмнө тус улсын газрын тосны салбар дэлхийн зах зээлийн салшгүй нэг хэсэг байсан бөгөөд газрын тосны эрэлт өндөр, экспортын тогтвортой зах зээл, олон улсын хөрөнгө оруулалтын сонирхол татсан тэргүүлэх салбар байсан. "Роснефть", "Газпром нефть" зэрэг төрийн өмчит томоохон компаниуд Оросын зах зээлд ноёрхож, дотоодын болон олон улсын түншүүдтэй хамтран газрын тосны шинэ ордуудыг нээн хөгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан амжилттай нутагшуулж байв. Тус улсын газрын тосны гол хэрэглэгч нь Европын Холбооны улсууд зэрэг томоохон зах зээл байлаа.

НИЙЛҮҮЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2022 оноос хойш барууны орнууд Оросын газрын тосны салбарын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч эхэлсэн нь тус улсын газрын тосны импорт, тээвэрлэлт болон даатгалын үйлчилгээг хязгаарлаж, улмаар тус улсын экспортын нефтийн үнэ ханшид дээд хязгаар тогтоож, технологи нийлүүлэхээс эрс татгалзах болсон нь дэлхийн нефтийн тогтвортой нийлүүлэлт, Оросын газрын тосны экспортын орлого буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Ерөнхийдөө экспортын хэмжээ багасаагүй ч, тулгарч буй бэрхшээлүүд улам бүр нэмэгдсээр байна гэсэн үг.

Эдийн засгийн хориг арга хэмжээнээс гадна Оросын газрын тосны салбар Украины агаарын цохилтод өртөж, геополитикийн эрсдэлүүдтэй тулгарсан. 2023 оноос хойш Украин улс газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, хадгалах байгууламжуудад удаа дараа байлдааны дроноор бөмбөгдөж, боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох, бууруулах, засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх зэрэг хохирол учруулсан. Шинжээчдийн үзэж байгаагаар, дайны улмаас боловсруулах үйлдвэрүүдийн нэлээд хэсэг нь гэмтэж, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болсон. Онцгой тохиолдолд түүхий нефтийг бусад үйлдвэр эсвэл өөр улс руу тээвэрлэх шаардлага гарч байсан нь ложистик, тээвэрлэлтэд хүндрэл учруулжээ.

Дахин гарч ирж буй өөр нэг хүндрэл нь Ойрх Дорнодын хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа газрын тосны экспортын гол зам болох Ормузын хоолойн орчимд хямрал үүсэж, газрын тосны нийлүүлэлтийг хязгаарласан. Орос улс энэ хоолойгоор экспорт хийдэггүй ч Ормузын хямрал дэлхийн газрын тосны үнийг өсгөж, зах зээлийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлсэн аж.

Ерөнхийдөө цэргийн болон геополитикийн эрсдэлүүд газрын тосны салбарт хүчтэй нөлөөлдөг болохыг эдгээр үйл явдал харуулж байна.

ОЛБОРЛОЛТЫН ЧИГ ХАНДЛАГА, ХҮЧИН ЧАДАЛ

Орос улс хориг арга хэмжээнээс үл хамааран 2022 оноос хойш газрын тосоо харьцангуй тогтвортой олборлож байна. Оросын албаныхны мэдэгдэж буйгаар ойрын хугацаанд үйлдвэрлэл тогтвортой хэвээр байх төлөвтэй байна. Газрын тосны олборлолт 2026 онд 515 сая тонн хүрч, өмнөх оны 512 сая тонноос давна гэж тооцоолж байна. Энэ нь өдөрт ойролцоогоор 10.3 сая баррельтэй тэнцэнэ гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак мэдэгдэв.

Дээрх тоон үзүүлэлтүүд нь тус улсын газрын тосны салбарт баримталж байгаа төрийн бодлого, авч буй арга хэмжээ салбарын бүтцэд өөрчлөлт орж буйг харуулж байгаа юм. Оросын газрын тосны томоохон ордуудын дийлэнх нь хуучирч, олборлолтоо хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, зардал нь байнга өсч байна. Үүний зэрэгцээ, Арктик болон далайн гүний уурхайгаас нефть олборлоход барууны нарийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи ашиглах шаардлага тулгарч байна. Энэ нь шинэ ордуудыг ашиглах, олборлолтыг өргөжүүлэхэд хүндрэл учруулж байна гэсэн үг.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Орос улс дотоодын технологио түлхүү хэрэглэж, барууны бус түншүүдтэйгээ хамтын ажиллагааraa өргөжүүлж, "сүүдрийн флот" гэгддэг танкеруудыг ашиглан газрын тосоо тээвэрлэж эхэлсэн байна.

URALS ГАЗРЫН ТОС ХАРЬЦАНГУЙ ХЯМД БОРЛУУЛАГДАЖ БАЙНА

Энэ он гарснаас хойш бензиний үнэ 4 дүгээр сарын 20-ны байдлаар 3.52%-иар өссөн нь ерөнхий инфляцын түвшингээс (3.16%) өндөр байна гэж Оросын статистикийн Росстат байгууллага мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд нэг литр бензиний дундаж үнэ 67.05 рубль байсан бөгөөд АИ-92 бензиний нэг литр нь 63.49 рубль, АИ-95 бензиний үнэ 68.93 рубль, АИ-98 бензиний үнэ 93.17 рубль байна.

Энэ он гарснаас хойш ОХУ-д дизель түлшний (DF) үнэ 2.31%-иар өссөн бөгөөд 4 дүгээр сарын 20-ны байдлаар тус улсад дизель түлшний дундаж үнэ литр тутамд 78.02 рубль байна.

2025 онд Орос улсад бензиний үнэ 10.78%-иар өссөн нь нийт инфляциас бараг 2 дахин их (жилийн 5.59%) байсан.

Ойрх Дорнодын хямрал, Ормузын хоолой хаагдсанаас үүдэн Оросын газрын тосны эрэлт энэ оны 4 дүгээр сарын эхээр огцом өслөө. Urals маркийн түүхий газрын тосны үнэ энэ оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар нэг баррель нь 104.08 ам.долларт хүрчээ.

Дайнаас өмнө Urals нефть Brent маркаас 2-4 ам доллараар хямд зарагддаг байсан. Urals нь хүхрийн агууламж өндөр, "хүнд" нефть гэж тооцогддог учир боловсруулахад илүү их зардалтай байдаг аж.

АНУ, "Их 7"-гийн орнууд болон Европын Холбоо хамтран ОХУ-д авч эхэлсэн хориг арга хэмжээ, үнийн хязгаарлалтын эсрэг тус улс хариу арга хэмжээ авч экспортыг Ази руу чиглүүлснээр тээврийн зардал өссөн зэргээс шалтгаалан Оросын нефтийн үнийн хөнгөлөлт эрс өссөн.

Барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас илүү үнээр худалдаж авсан тохиолдолд даатгал, тээвэр болон санхүүгийн үйлчилгээнд хамрагдахыг хориглодог.

Одоогийн байдлаар Оросын Urals газрын тосны нэг баррель нь 12-30 ам.доллараар хямд үнээр борлуулагдаж ирсэн. Тэгвэл одоо газрын тосны зах зээлд хомсдол үүссэн үед Urals тос хөнгөлттэй үнээр бус зах зээлийн үнээр худалдаалагдах болжээ.

ОРЛОГО БА УЛСЫН ТӨСӨВ

Газрын тос, байгалийн хий нь ОХУ-ын орлогын гол эх үүсвэрүүдийн нэг төдийгүй улсын төсвийн ихээхэн хэсгийг бүрдүүлж, төрийн үйлчилгээ, дэд бүтэц, бүс нутгийн зардлуудыг санхүүжүүлдэг. Роснефть зэрэг эрчим хүчний томоохон компаниуд татвар, хураамж, ногдол ашгаар дамжуулан төсвийн орлого бүрдүүлэхэд идэвхтэй оролцдог.

2022 оноос хойш газрын тосны салбар санхүүгийн асуудлуудтай тулгарсан. Удаа дараагийн хориг арга хэмжээ, түүхий нефтийн үнийн уналт, тээврийн зардлын өсөлт зэргээс шалтгаалан экспортын орлого тогтворгүй болсон. Иймээс төсөв боловсруулагчид гадаад зах зээлийн нөхцөл байдлыг тооцоолох шаардлага үүссэн байна.

"Эдийн засагт оруулж буй тус салбарын бодит үр өгөөж нь албан ёсны статистик мэдээлэлд тусгагдахгүй байна" гэж тус салбарын удирдагчид үзэж байна.

"Роснефть" компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечиний мэдэгдсэнээр "Оросын газрын тосны салбарын улсын төсөвт оруулсан нийт хувь хэмжээ Сангийн яамны тооцоолсон орлогоос 2 дахин их байна" гэжээ. Тэрээр зах зээлийн хүндрэл, геополитикийн сорилтууд тулгарч байгаа ч газрын тосны салбар Оросын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур болохыг нотлов.

Орос улс Хятад зэрэг түншүүдтэйгээ худалдааны хэлцэл хийхдээ долларын бус төлбөр тооцоог ихээр нэвтрүүлэх болсон. Энэ нь нэг талаас барууны санхүүгийн системээс хараат бус болж байгаа ч, харин нөгөө талдаа үнэ тогтоох, валют хөрвүүлэхэд хүндрэл учирч, санхүүгийн эрсдэл дагуулж байна. Ерөнхийдөө газрын тосны салбар Оросын төсвийн орлогын гол эх үүсвэр хэвээр байгаа ч одоо тогтвортой байдал нь алдагдаж, дэлхийн зах зээлээс илүү хамааралтай болж байна.

ОПЕК+ БОЛОН ГЕОПОЛИТИКИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Орос улс Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага буюу ОПЕК+ байгууллагын хүрээнд идэвхтэй ажилладаг бөгөөд энэхүү бүлгээр дамжуулан Саудын Араб зэрэг орнуудтай хамтран дэлхийн газрын тосны үйлдвэрлэл болон нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сүүлийн жилүүдэд ОПЕК+ байгууллагын гаргаж буй газрын тостой холбоотой шийдвэрүүд Оросын эдийн засагт чухал нөлөө үзүүлж байна. Олборлолтын хэмжээг хянах замаар дэлхийн зах зээлийн нефтийн үнийн тогтвортой байдлыг хангадаг.

Ерөнхийдөө тус байгууллага Орос улсад дэлхийн газрын тосны зах зээлд нөлөөлөх боломж олгодог. Хориг арга хэмжээнд өртөж, барууны зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдсан ч Орос улс томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, дэлхийн эрчим хүчний салбарт гол тоглогч хэвээр байгаа билээ.

ЛОЖИСТИК БА ДЭД БҮТЭЦ

2022 оноос хойш Орос улс газрын тосны экспортын тогтолцоогоо эрс өөрчилсөн. Европын зах зээлд нэвтрэх боломж багассанаар экспортын урсгал Ази руу чиглээд байна. Нефть дамжуулах хоолой болон төмөр замын дэд бүтцээ ашиглан, экспортын бусад сувгуудыг нээж, ложистикийн шинэ гарц маршрутуудыг гаргах шаардлага үүссэн аж. Ялангуяа Орос улсыг Хятадтай холбосон дэд бүтэц нь экспортын тогтвортой байдлыг хангахад онцгой чухал болсон. 

Тус улс дотоодын зах зээлээ хамгаалахын тулд түлшний экспортын бодлогодоо өөрчлөлт оруулсан байна. Шадар сайд Александр Новакийн гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, засгийн газар 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн бензин экспортлохыг бүрэн хориглосон. Энэхүү арга хэмжээ нь дотоодын түлшний үнийг тогтворжуулах, хамгийн чухал салбар, объектуудыг нефтийн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад чиглэжээ. Мөн 2025 онд Оросын Засгийн газар түр зуурын хязгаарлалт нэвтрүүлж байсан бөгөөд томоохон үйлдвэрлэгчид тус хязгаарлалтад хэсэгчлэн хамрагдсан ба нефтийн худалдаачид, агуулахууд, жижиг боловсруулах үйлдвэрүүд бүрэн хамрагдаж байсан юм.

Дотоодын зах зээлд хомсдол үүсэхэд нефтийн бүтээгдэхүүний экспортод төр хяналт тогтоодог болохыг энэхүү шийдвэр харуулж байна.

Эдгээр үйл явдлаас харвал Орос улс эрчим хүчний зохицуулалт, бодлогодоо шинэчлэл явуулж байгаа нь илт байна. Түүхий газрын тосоо гадаад руу экспортолж байгаа ч бензин зэрэг нефтийн бүтээгдэхүүнийг голдуу дотоодын зах зээлд нийлүүлэх бодлого баримталж байна. Ингэснээр дотоодын хомсдол, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Ерөнхийдөө гадаадын дарамт шахалтыг даван туулах, дотоодын эдийн засгийн хэрэгцээг хангахын тулд Орос улс ложистик болон түлшний бодлогоо тохируулан ажиллаж байна.

Оросын газрын тосны салбар ойрын хугацаанд хэвийн ажиллаж байгаа ч урт хугацаанд тус салбарын ирээдүй хэрхэх нь тодорхойгүй байна. Хятад, Энэтхэг зэрэг орнуудын эрэлт хэрэгцээ өндөр байгаа энэ үед нефтийн үйлдвэрлэл харьцангуй тогтвортой байх төлөвтэй байна. ОПЕК+ байгууллагын хүрээнд бусад улс орнуудтай ажиллаж, нефтийн үнийг хамтран тогтвортой байлгах, нефтийн үйлдвэрлэл нийлүүлэлтийг хянах нь Орос улсын хувьд чухал хэвээр байгаа билээ.