Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ 2040-ӨӨД ОН ХҮРТЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА

Т.Бямбанаран

АНЭУ-ын Үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн сайд бөгөөд Абу Дабигийн Үндэсний нефтийн компани болох “ADNOC”-ийн Гүйцэтгэх захирал Султан Ахмед Аль Жабер газрын тосны зах зээлд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар “Atlantic Council”-д ярилцлага өглөө. 

Тэрээр яриандаа, “Ойрх Дорнодын мөргөлдөөн эхлээд ердөө 80 гаруй хонож байгаа ч өнөөдрийн байдлаар бараг 80 улс эдийн засгаа дэмжих яаралтай хариу арга хэмжээ аваад байна. Түүнчлэн, уг мөргөлдөөн маргааш дууслаа гэхэд ч Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлтийн урсгал 2027 оны эхний эсвэл хоёрдугаар улирлаас өмнө бүрэн сэргэхгүй” гэсэн юм.

Энэхүү хямрал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг ил болгож, улмаар шатахууны үнэ 30%-иар, бордооны үнэ 50%-иар, агаарын тээврийн тасалбарын үнэ 25%-иар тус тус өсөхөд хүрчээ.

“Ормузын хоолой бол зөвхөн газрын тосны тухай асуудал биш. Энэхүү хямралын нөлөө тусахгүй газар гэж бараг үгүй. Шингэрүүлсэн байгалийн хий, онгоцны түлш, бордоо, хөнгөн цагаан, гелий, критикал минерал, хуванцар, өргөн хэрэглээний бараа болон ерөнхий ачаа тээврийн тухай асуудал энд яригдана. Өөрөөр хэлбэл, таны ширээн дээрх хүнснээс эхлээд тэнгэрт нисэж буй онгоц, гар утсан дахь чип зэрэг орчин үеийн нийлүүлэлтийн сүлжээний гинжин хэлхээ бүрд очиж нөлөөлнө” хэмээн мэдэгдсэн юм.

Султан Ахмед Аль Жабер ярилцлагадаа, “Газрын тосны эрэлт 2040-өөд он хүртэл өдөрт 100 сая баррелиас дээш түвшинд хадгалагдана. Өөрөөр хэлбэл, хамгийн бага өртөгтэй, хамгийн бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай газрын тосны нийлүүлэлт шаардлагатай хэвээр байна” гэлээ. Үүний зэрэгцээ Ираныг Ормузын хоолойгоор дамжих худалдаанд саад учруулж буй үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалж, дэлхийн удирдагчдыг энэхүү стратегийн чухал усан замыг хамгаалах хүчин чармайлтаа эрчимжүүлэхийг шаардав.

“Энэ бол дан ганц эдийн засгийн асуудал биш. Маш аюултай жишиг тогтож байгаа хэрэг. Хэрэв ганцхан улс дэлхийн хамгийн чухал усан замыг барьцаалж, боомилох боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрвөл бидний мэдэх далайн чөлөөт худалдааны тогтолцоо үндсэндээ төгсөнө. Хэрэв бид өнөөдөр энэ зарчмыг хамгаалахгүй бол дараагийн арван жилийг үүний үр дагавартай тэмцэж өнгөрөөх болно” хэмээн анхааруулжээ. 

Эх сурвалж: Shipping Telegraph