“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын үр дүнд үндэслэн оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан Б.Тэлмүүнийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо.
Б.Тэлмүүн нь Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон АНУ-ын Корнеллийн их сургуулийг тус тус төгссөн. Тэрээр олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр, олон улсын эрх зүй болон нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байна. Мөн Их Британийн Оксфордын их сургууль, АНУ-ын Дюкийн их сургууль, Австралийн Сидней болон Гриффитийн их сургуулиудад мэргэжил дээшлүүлжээ.
Түүний ажил үүрэг, туршлагын хувьд 2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаал хашиж, “Оюу Толгой”, “Орано” зэрэг томоохон төслүүдийн санхүү, татварын хэлэлцээнүүдэд голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн туршлагатай. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК болон “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, төрийн өмчит компанийн засаглал, стратегийн удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулжээ.
Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн нь “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах, Оюу Толгой төслийн хэрэгжилтэд тавих хяналт, төслөөс Монгол Улсын хүртэх эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн төлөөллийн үр нөлөөг дээшлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баг хамт олонтойгоо хамтран ажиллах юм.