Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 15,000 ам.доллар/тонн хүрнэ

О.Дөлгөөн

Зэсийн үнэ түүхэн дээд хэмжээндээ дөхөж байгаа хэдий ч түүхий эдийн шинжээчид өсөх боломж хэвээр байна гэж үзэж байна. Тэд эрэлт, нийлүүлэлтийн таатай нөхцөл байдал нь ирэх саруудад үнийг өндөр түвшинд хадгална гэж таамаглаж байгаа юм.

Зэсийн үнэ өснө гэж хамгийн итгэлтэй байгаа байгууллагуудын нэг бол Goldman Sachs банк бөгөөд тэд энэ оны эцэс гэхэд зэсийн үнийг 13,735 ам.доллар/тонн-д хүрнэ гэж харж байна. Энэ нь тэдний өмнөх таамаглал болох 12,465 ам.доллар/тонн-оос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Үүний зэрэгцээ Citigroup илүү зоримог таамаглал дэвшүүлж, энэ сардаа багтан үнийг 14,500 ам.доллар/тонн, харин нэг жилийн дотор 15,000 ам.доллар-д хүрнэ гэж зорилтот түвшнээ тодорхойлжээ.

Одоогоор Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн үнэ 14,000 ам.доллар/тонн-оос ялимгүй доогуур арилжаалагдаж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн 1-р сард тогтоосон дээд амжилтаас ердөө 500 орчим ам.доллароор дутуу байна. Оны эхнээс хойш зэсийн үнэ 10%-иар өсөж, алтны өсөлтийг гүйцэж түрүүлээд байгаа юм.

Нийлүүлэлтийн төлөв сулрав

Goldman-ы тэмдэглэснээр үнийн таамаглалаа ийнхүү өөрчилсөн нь нийлүүлэлтийн төлөв хүлээгдэж байснаас суларсан болон АНУ-аас гаднах зах зээлийн тэнцвэрт байдал чангарсныг дурджээ.

Индонезийн Грасберг уурхай болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь Камоа-Какула цогцолборт үүссэн саатлыг тус банк онцлоод, дэлхийн уурхайн нийлүүлэлтийн таамаглалаа асар өндөр дүнгээр буюу 350,000 тонн-оор бууруулсан байна. Өнгөрсөн жил томоохон осолд өртсөн эдгээр хоёр уурхайн аль нь ч 2028 он хүртэл бүрэн хүчин чадлаараа ажиллах төлөвгүй байна гэж Goldman бичжээ.

Мөн Goldman-ы шинжээчид АНУ-ын импорт хүлээгдэж байснаас хүчтэй байгаа болон бусад бүс нутаг дахь нөөц багасаж байгаа нь зэсийн үнэ өндөр байхад нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэж байна. Зэсийн зах зээл нь цахилгаанжуулалт болон эрчим хүчний шилжилтийн төслүүдээс үүдэлтэй бүтцийн эрэлтээр дэмжигдэх төлөвтэй байгааг тэд тэмдэглэхийн зэрэгцээ АНУ-ын тарифийн бодлогын эрсдэлийг ч мөн санууллаа.

"2026 оны эхний хагаст АНУ-ын импорт хүлээлтээс давсан бөгөөд импортын арбитраж (үнэ ашиглах арилжаа) нээлттэй болсныг тусган ирэх сард АНУ-ын импорт дахин хурдасна гэж бид таамаглаж байна" хэмээн Goldman-ы шинжээчид тэмдэглээд, АНУ-аас гаднах зах зээл дэх зэсийн хомсдол өмнөх 60,000 тонн байснаас арав дахин нэмэгдэж, 640,000 тонн-д хүрч болзошгүй гэж тооцоолжээ.

Эх сурвалж: mining.com